Categories
мэдээ нийгэм

“Зайсангийн аманд үр хүүхдээ салхилуулах тав тухтай орчныг бүрдүүлнэ” гэв DNN.mn

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, зарим нийтийн өмчийн байршлуудад тохижилт хийх талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/740 дугаар захирамжийн хүрээнд Дархан цаазат Богдхан уулын байгаль орчны тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах арга хэмжээг зохион байгуулсан.

Тодруулбал, Зайсангийн амны байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан, ургамал, газрын хөрсөнд хор хохирол учруулж, бохирдол үүсгэж байсан болон маш олон удаагийн гэмт хэрэг зөрчил гарч байсан байгууламжийг дээрх захирамжийн хүрээнд албадан буулгасан. Зайсангийн аманд долоо хоногт дунджаар 5,000-6,000 нийслэлчүүд амарч зугаалахаар очдог. Гэтэл тэр замд нь байсан байгууламж хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд саад болж байсан.

Магадгүй тэр балгас болсон газар өсвөр насны хүүхэд гэмтэж бэртэх эрстэлт нөхцөл бүрдсэн байсан.Иймд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүргийнхээ хүрээнд энэ арга хэмжээг шуурхай авсан.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийслэлийн тусгай чиг үүргийн хүрээнд тус дархан цаазат газарт иргэд аялах тав тухтай орчныг бий болгох зорилгоор ойрын хугацаанд тохижилтын ажлыг эхлүүлнэ. Энэ жилдээ багтаж нийслэлчүүд Зайсангийн аманд үр хүүхдээ салхилуулах, амарч, зугаалах тав тухтай орчин бүрдэнэ” гэв.

“Нийслэл 1.6 сая хүнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьсан шийдвэр, үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”

Мөн тэрбээр “Одоо албадан буулгаснаа зөөх ажил эхлэх гэж байна. Тухайн орчны хөрсийг бохирдуулж байгаа бохирдол, хог новшийг зайлуулж, тохижуулах боломжийг бүрдүүлнэ.

Энэ ташрамд хэлэхэд, Монголын Үндэсний их сургууль болон тус сургуультай хамаарал бүхий ТББ-ын нэр дээр нийт 38.2 ашиглуулахаар олгосон байдаг. Тус газрыг ашиглах эрхийг нь уг нь 2019 онд цуцалсан байдаг ч шүүхийн шийдвэр гарч, харамсалтай нь энэ асуудал маргаантай байгаа юм билээ.

Гэхдээ ер нь энэ байгууллага шиг хуулийн дээгүүр дэвсэж, хууль зөрчдөг асуудлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага бий. Зөвхөн эдний хамааралтай архитектор төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй дөрвөн объект Баянгол дүүргийн нутагт байдаг. Ийм мэт газрууд хуулийг дэвслээд сурчхаж, түүний ард тэд нарыг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд ч байна.

Нийслэлийн зүгээс ийм зүйл дахиж гаргуулахгүйн төлөө, даварсан авлигач, хулгайч нартай тууштай тэмцэнэ. Нийслэл 1.6 сая хүнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавин шийдвэр гаргаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулна” хэмээн мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *