Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Франц улс “Артемисын хэлэлцээр” -т нэгджээ DNN.mn

Франц улс АНУ-ын санал болгосон сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших тухай “Артемисын хэлэлцээр” хэмээн нэрлэгддэг гэрээнд нэгдлээ. Энэ тухай Төрийн департамент мягмар гарагт мэдэгдсэн байна.

Франц “Артемисын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан хорь дахь орон болжээ. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, “Францын сансар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Филипп Батист хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Вашингтонд суугаа Францын Элчин сайд Филипп Этьен, NASA-гийн тэргүүн Билл Нельсон нар оролцжээ.

Франц улс энэхүү гэрээнд нэгдэх хүсэлтэй байгааг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг 2021 оны 11 дүгээр сард Парист айлчлах үеэр илэрхийлсэн байна.

Америкийн сарыг эзэмших “Артемис” хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн “Артемисын хэлэлцээр” нь АНУ болон түнш орнуудын хооронд байгуулсан хоёр талын цуврал гэрээ юм. Энэхүү хэлэлцээрийг боловсруулахдаа 1967 оны сансар огторгуйн талаарх гэрээний зарчмуудыг ихээхэн хэмжээгээр үндэс болгосон байна. Саран дээрх нөөцийг олборлох тухай заалтууд, “хор хөнөөлтэй хөндлөнгийн оролцооноос” урьдчилан сэргийлэх аюулгүй бүс гэж нэрлэсэн санааг тусгасан хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг NASA 2020 оны тавдугаар сард танилцуулжээ.