Categories
мэдээ нийгэм

​С.Мөнхтуяа: Архинд донтох эмгэгт монгол хүмүүс илүү хурдан өртөж байна DNN.mn

Монголчуудын дунд архи, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ өндөр байна. Үүнтэй холбоотойгоор архинд донтох эмгэг үүсдэг бөгөөд энэ талаар СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн С.Мөнхтуяатай ярилцлаа.


-Архинд донтох эмгэгийг гэж юу вэ?
-Архи согтууруулах төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь яваандаа хувь хүний сэтгэц, бие организмд дасал болж, хараат байдал үүсгэдэг. Үүнээс шалтгаалан донтох эмгэг гэх өвчин үүснэ. Донтох эмгэг нь хүний сэтгэц, зан төрхөд өөрчлөлт оруулдаг учир сэтгэцийн эмгэг гэж үздэг. Энэ нь дотроо 99 дэд бүлэг өвчин болдог.

-СЭМҮТ архинд донтох эмгэгтэй иргэдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эрүүл мэндийн төвүүд, хоёр дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламжийг дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн төвүүд үзүүлдэг. Манай СЭМҮТ бол төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Донтох эмгэгийн клиниктээ 30 ортой тасаг ажиллуулдаг. Мөн 21-28 хоногийн өдрийн эмчилгээ хийж байна. Амбулаторид мөн тусламж үзүүлдэг.
Нийслэлийн хэмжээнд Наркологийн үндэсний төвд архины асуудалтай иргэдэд тусламж үзүүлэх 50 ортой тасаг үйл ажиллагаа явуулж байна. Мөн сайн дураараа эмчлүүлэхгүй тохиолдолд Төв аймгийн Майнтад албадан эмчилгээг хийдэг.
-Архинд донтох эмгэгт эрт болон хожуу үе шат гэж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Архинд донтох эмгэг нь хожуу үедээ орсон хойно эмнэлэгт хандах нь түгээмэл байна. Хорт хавдрын хожуу үедээ эмнэлэгт хандвал эмчилгээгүй болсон байдагтай архинд донтох эмгэг ч адилхан. Гэр бүлийнхэн нь ойлгохгүй, тухайн хүн ч гэсэн өвчнөө үгүйсгэх хандлагатай явсаар эцсийн шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг. Эцсийн шатанд орно гэж бусад эрхтэнүүдийн хавсарсан эмгэг үүссэн байхыг хэлнэ. Дагалдах зүрх судасны эмгэг, даралт ихсэх, зүрхний ишеми, элэгний өөрчлөлтүүд илэрсэн байдаг.
-Архийг удаан хугацаагаар хэрэглэхэд хүний сэтгэцэд ямар өөрчлөлт ордог вэ?
-Архи согтууруулах төрлийн ундааны зүйлийг хэдий чинээ эрт буюу бага залуугаасаа хэрэглэж эхэлнэ, тэр чинээгээр архины хараат болох нь илүү байдаг. Архи согтууруулах ундаа хоёр төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
Нэгдүгээрт, архи огт хэрэглэж үзээгүй хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд, тархины гэмтэлтэй болон бусад архаг хууч өвчтэй хүмүүс хэрэглэвэл архины хурц хордлогод орох эрсдэлтэй. Үүнээс болоод амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Ялангуяа баяр ёслолын үеэр гэнэт хэрэглэж, архины хурц хордлогын улмаас эрүүл мэнд, амь насаа алддаг.
Хоёрдугаарт, Удаан хугацаанд согтууруулах ундаа хэрэглэснээс архины хараат байдалд ордог. Улмаар уураг тархи сэтгэцэд нөлөө үзүүлдэг. Зүрх судасны эмгэг, элэгний эмгэгүүд үүсэх шалтгаан болно.
Архины хэрэглээгээ зогсоосны дараа сэтгэцийн өөрчлөлтүүд илүү их гардаг.Үүнийг ар гэрийнхэн нь мэддэггүй. “Манай нөхөр 10 хоногоор үргэлжлүүлэн архи уудаг байсан. Одоо уухгүй 3-4 хоножбайна. Гэтэл 3-4 хоногоор нойргүйдэж, дэмий балай юм ярьж байна” гэх мэтээр ханддаг.

Архинаас үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт бусад төрлийн сэтгэц, оюун санааны өөрчлөлтүүдтэй адилхан байдаг. Жишээлбэл, хий юм харах, сонсох, дэмийрэх, биеэр утас хөвөөд байгаа мэт мэдрэгдэх, биед янз бүрийн хорхой шавж шивсэн байна. Арслан барс гүйж байна” гэх мэтээр хий зүйл харах сэтгэцийн өөрчлөлтүүд илэрдэг. Нойргүйдэх, хар дарж зүүдлэх, нохойд бариулж байна гэх мэтээр зүүдлэх нь хамгийн түгээмэл илэрдэг сэтгэцийн дэмийрлийн шинж тэмдэг юм. Үүнээс бол ухамсарт ухааны алдагдалд ордог.
-Архийг удаан хугацаагаар хэрэглэснээс сэтгэл гутралд ордог гэдэг?
-Архины хамаарлын шалтгаант сэтгэл гутрал гэж бий. Архи бол хүний төв мэдрэлийн системийг тайвшруулах, саатуулах үйлчилгээтэй химийн бодис. Тийм ч учир зүүрмэглэх, хаана байгаагаамэдэхгүй болох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болсон үйл явдлыг хэдэн секунд, минут, цагаар мэддэггүй. “Би хаагуур явсан билээ, гар утсаа хаана тавьсан юм бол оо?” гэх мэтээр бусдаасаа асуугаад байдаг шүү дээ.
Мөн нэг үгийг давтаж ярих, шинэ зүйл сэтгэх, санах чадвар нь алдагддаг. Үүнээс гадна сэтгэл гутрал бие даасан байдлаар илэрдэг. Сэтгэл гутралд орвол амьдралаас уйдна, ингэж явсаар үхэх юм байна
! гэх мэт бодлоор илэрч, эцсийн мөчид амиа хорлох хүндрэл өгдөг.

-Монголд архинаас шалтгаалж амиа хорлосон иргэдийн статистик баримт байдаг болов уу?
-Амиа хорлох хүний тоо дэлхий нийтэд, Монголд ч гэсэн нэмэгдэж байна. Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй, тэнцвэргүй байдал, түүнийг даван туулах чадвар сул байгаатай холбоотойгоор амиа хорлолт өсөж байна. Гэхдээ архины шалтгаант амиа хорлолтын дараа бие даасан судалгаа манай улсад хараахан хийгээгүй байна.

-Архины донтолт яаж үүсдэг вэ? Донтолт болон зохистой хэрэглээг хэрхэн ялгах вэ?
-Архи согтууруулах ундаа нь химийн бодис учир зохистой хэрэглээ гэж байдаггүй гэхэд болно. Элэг бол согтууруулах ундааны химийн бодисыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн. Архийг задалдаг хоёр төрлийн фермент элгэнд байдаг.
Тэр хоёр төрлийн фенментийн идэвхжил Азийн орны иргэдэд бага. Тэр дундаа монгол хүний архийг задлах ферментийн идэвхжил европчуудынхаас 3-3.5 дахин бага байна гэсэн судалгааны дүн гарсан. Үүнтэй холбоотой монгол хүмүүс архинд донтох эмгэгт илүү хурдан өртөж байна гэсэн дүгнэлт гарч байна.

Монголчууд согтууруулах ундааг эртнээс хүнсний бүтээгдэхүүн гэж үзэж хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг. Тиймээс хүүхэд, өсвөр үеийнхэн, залуус маань хэрэглэх ёстой мэтээр ойлгодог. Баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх ёсгүй мэтээр төсөөлөх болжээ. Мөн архийг хүндэтгэлийн идээ гэж бусдад бэлэглэдэг. Үнэтэй архи бол илүү сайн гэж боддог.Зарим айл гэрийнхээ хоймрын шилэн хоргонд төрөл бүрийн согтууруулах ундааны зүйл хийчихсэн үзмэр болгосон байдаг.
Энэ бүхнээс үүдэлтэй архи хэтрүүлэх хэрэглээ үүсдэг. Шар айргийг ч зохисгүй, замбараагүй хэрэглэвэл нэг сарын дотор архины хамаарлын эмгэг үүсэх боломжтой гэж үздэг. Намрын айраг 23 хувийн алкогольтой гэж үздэг. Тэгэхээр согтууруулах ундааны тэр нь сайн, энэ нь муу гэх ялгаа байхгүй гэж ойлгож болно. Айргийг их хэмжээгээр хэрэглэх, согтууруулах ундааны хэрэглээ ихтэй байх үед төрсөн үр хүүхэд оюун ухааны ачаалал сул, оюуны хомсдол өвчинтэй, зан төрхийн эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл их гэж үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *