Умард Солонгос дөрвөн өөр байршлаас ойрын зайн баллистик пуужин наймыг Зүүн тэнгис рүү харвасан. Үүнийг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд Умардаас авсан арга хэмжээ гэж хэвлэлүүдэд онцолж байна.
Харин өчигдөр өглөө Өмнөд Солонгос болон Америкийн хамтарсан зэвсэгт хүчин байлдааны буудлагатай цэргийн сургуулилалтын хүрээнд Зүүн тэнгис рүү мөн адил найман пуужин харважээ.
Хамтарсан хүчин газар газар ангиллын армийн тактикийн 8 пуужин харвасны нэг Америкийнх, долоо нь Өмнөд Солонгосынх юм байна. Газар газар ангиллын пуужингуудыг харвасан нь Умардын өдөөн хатгасан үйлдэлд шуурхай хариу цохилт өгөх хүчин чадалтайгаа харуулах зорилготой байсан гэж хоёр улсын хамтарсан зэвсэгт хүчний нэгдсэн штабаас мэдэгджээ.
Өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Умард Солонгосын ямар ч өдөөн хатгалгад шийдэмгий хариу арга хэмжээ авахаа амласан байна. Умард Солонгос Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш гурван удаа пуужин туршаад байна.
Умард Солонгосын сүүлд туршсан пуужингууд нь Оросын “Искандер” баллистик пуужингийн загвараар бүтээсэн “Кей Эн-23” загварын пуужин байсан юм байна. Умардууд 35 минутад найман пуужинг дөрвөн өөр байршлаас харвасныг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам тогтоосноо мэдээлсэн.
Энэ нь тус улсын пуужингийн туршилтын түүхэн дэх нэг өдөрт хамгийн олон пуужин харвасан тохиолдол болсон юм. Умард Солонгос энэ он гарснаас хойш 18 пуужин харваад байна. Анх таван жилийн өмнө тив алгасагч баллистик пуужин туршиж байсан юм.
Одоо Умард Солонгос цөмийн зэвсгийн шинэ туршилт хийхээр төлөвлөж байна гэж Сөүл болон Вашингтон таамаглаж байна. Умардын энэ туршилтуудын гол зорилго нь цөмийн гүрэн болж байгаа гэсэн статусыг бэхжүүлэх, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөлд хүрэх зорилготой гэж ажиглагчид үздэг юм.