Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: “Миний ном” хандивын аянд 1066 ном цугларчээ DNN.mn

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Нийслэлийн зургаан дүүргийн 26-н хороо, Дархан-Уул аймгийн 3 багт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жилдээ 2 удаа төсөл хөтөлбөрт хамрагддаг хүүхдийн гэрээр айлчилж өрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийдэг байна. Өнгөрсөн онд нийт 10469 хүүхдийн гэрээр зочилж өрхийн нөхцөл байдлын үнэлгээ, судалгааг хийхэд, судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 33 хувь нь өдрийн цагаар хичээлээ хийж, ном уншдаг 32 хувь нь зурагт, гар утас үзэж, үлдсэн 35 хувь нь гэрийн ажилд туслах, тоглох зэрэгт цагаа зарцуулдаг гэсэн байна.

Үнэлгээнд хамрагдсан нийт хүүхдүүдийн 1/3 нь дэлгэцийн хамааралд орох эрсдэлтэй байгаа аж.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн 60 гаруй хувьд нь сурагчид цахимаар суралцсан бөгөөд хүүхдүүд ямар хэрэгсэл ашиглан хамрагдаж байгааг тодруулсан асуултад гар утас, таблет-77,8 хувь, компьютер, нөүтбүүк-2,3 хувь , дээрх 2 төрлийг 2ланг нь 3,9 хувь, телевиз болон бусад төхөөрөмж-14,2 хувь, хамрагдаж чадахгүй байгаа-1,4 хувь гэжээ.

Тайлбар байхгүй.

Дээрх судалгаануудад үндэслэн Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний Ном ” хандивын аяныг санаачлан эхлүүлжээ. Хандивын аян тавдугаар сарын 11-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууссан бөгөөд нийтдээ 1066 ном цугларснаас бага насны хүүхдэд зориулсан 900 номыг боож баглан нэг өрхөд гурван ширхэг ном бэлэглэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийтдээ 300 өрхөд ном хүргэгдэх юм.

Г.Даваажав (Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын маркетинг харилцааны албаны мэргэжилтэн): Манай Гүүд Нэйборс ОУТББ маань Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 16 жил болж байна. Жил болгон 2-3 томоохон хандивын аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн эхний том үйл ажиллагаа маань “Миний ном” хандивын аян байлаа. Уг үйл ажиллаагаараа дамжуулж хүүхдийн хөгжих эрхийг хангаад зогсохгүй, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн дэлгэцээс хараат байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн үйл ажиллагааг маань дэмжиж хамтарч ажилласан номын дэлгүүрүүд, албан байгууллага, хувь хүн, хүүхэд багачууд, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын 6 салбар, The Café book, Сөүл Төүст Бонг болон Өдрийн сонины хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

М.САЙНЗАЯА