Categories
гадаад мэдээ

Африкийн Холбооны ерөнхийлөгч үр тарианы экспортын замыг нээхийг Путинээс хүсэв DNN.mn

зураг

Африкийн Холбоог тэргүүлж буй Сенегалын ерөнхийлөгч Маки Салл өчигдөр Баасан гарагт хүнсний хямралын асуудлыг хэлэлцэхээр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Дэлхийн үр тарианы томоохон экспортлогчдын нэг Украин улс юм. Африк тивийн нийт хэрэглээний 40 хувийг Украин, Орос улсууд хангадаг байна.

Гэвч Хар тэнгист Оросын флотын тавьсан хаалт хориглолтын улмаас Украины экспорт зогсоод байгаа.

Оросын эрх баригчид Өрнөдийн орнууд өөрийнх нь эсрэг зарласан эдийн засгийн хоригоо цуцалбал Украины боомтуудыг нээх санал тавьсан юм.

Харин Өрнөдийн орнууд өлсгөлөн, хүнсний хямралаар дэлхий дахиныг сүрдүүлж буй Оросын эрх баригчдыг шүүмжилж байна.

Сочид болсон уулзалтын дараа Салл хэлсэн үгэндээ Путин үр тариа, бордооны экспортыг нэвтрүүлэх амлалт өгсөн тухай ярьсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Бас Украины экспортод ОХУ саад хийж байгааг Путин үгүйсгэснийг тэр мэдээлсэн байна.

Салл “хэдийгээр мөргөлдөөний талбараас хол байгаа ч Африкийн орнууд эдийн засгийн хямралын хохирогч болоод буйг ойлгохыг” уулзалтын үеэр Путинээс хүсжээ.

Тэр бас өөрийгөө дан ганц Африк тивийг биш, Ази, Ойрх Дорнод, Латин Америкийн орнуудыг төлөөлж байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

Хариуд нь Путин үр тарианы экспортыг нэвтрүүлэх хамгийн хялбар арга нь Беларусийн хоригийг цуцалж, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжуулах болохыг Саллд хэлсэн гэнэ.

НҮБ-ын хямралын зохицуулагч Амин Авад саяхан Женев хотод үг хэлэхдээ “боомтуудыг нээж чадахгүй бол өлсгөлөн эхлэх аюул ойрхон байгааг” анхааруулжээ.

Түүний тооцоолсноор энэхүү хямралд Африк тивийн 1.4 тэрбум хүн нэрвэгдэх магадлалтай гэнэ.

Цар тахал, ган гачгийн улмаас Африк тивийн орнуудад хүнсний хомсдол нүүрлээд байгаа. Украины дайн үүнийг улам даамжруулах эрсдэлийг үүсгэж байна.

Африк тивд одоогоор 80 сая хүн өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч байгаа нь жилийн өмнөх мөн үеийн 50 саяас огцом өссөн үзүүлэлт болохыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн тэргүүн Майк Данфорд мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *