Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсаас 20356 цэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй нь Монголчуудын бахархал билээ.
Даян дэлхийн энх амгалангийн төлөөх үйлсэд ийнхүү бодит хувь нэмэр оруулж, хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөөр ирсэн цэргийн алба хаагчдын төлөөлөл Ховд аймагт олон бий. Тодруулбал, энэ хугацаанд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас давхардсан тоогоор 420 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Мөн одоо ч тус ангийн 25 алба хаагч энхийг дэмжих, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон Олон үндэстний цэргийн ажиллагаанд цэргээ илгээж эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн болон Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн хугацаат цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх, Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, тэдний түүхэн амжилт, гавьяаг олон нийтэд таниулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр “Ард Аюушийн талбай”-д боллоо.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь анх “Ховдын хороо” хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй.
Өдгөө шинэ цагийн Зэвсэгт хүчинтэй мөр зэрэгцэн хөгжиж, Монгол Улсынхаа түүхийн бүхий л цаг хугацаанд төр түмнийхээ итгэлийг хүлээн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлагаар тэмцэж 100 жилийн арвин түүхийг бүтээгээд байгаа. Энэхүү Зэвсэгт хүчний анги байгууллагын алба хаагчдаас Ховд аймгаа төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд хамгийн олон удаа оролцсон тохиолдол зургаа байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, дадлага, туршлага өсөн нэмэгдэж байгаагаараа онцлогтой аж.
Зэвсэгт хүчний байгууллагаас цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд даян дэлхийд энх тайван, тогтвортой байхын ач холбогдлыг түгээх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулан, олон талт бүтээлч ажлыг өрнүүлж ирсэн. Энэ удаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачууд, иргэд олон нийтэд нээлттэй танилцууллаа.
Түүнчлэн зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн дэслэгч Л.Мөнхбат захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салааны “Гардан тулаан”-ы үзүүлэх тоглолт, бүжиг, спортын үзүүлбэр, ая дууны мэндчилгээ зэргийг сонирхуулж, шилдэг, тэргүүний алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулсан бөгөөд бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал хийлээ.