Categories
мэдээ нийгэм

УИХ: Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын чуулганы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

УИХ-ын чуулганы 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аван зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн учир санал хураалтыг үргэлжлүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр төслийн 3.2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтыг “зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;’’хэмээн өөрчлөн найруулах боллоо.

Мөн төсөлд дөрөвдүгээр бүлэг буюу “Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг” гэж гарчиг, мөн “4.1.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага” гэсэн зүйл нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Ингэснээр хуулийн төсөлд “Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд нь иргэний эрх зүйн чадвартай байх; хуульд заасан бол мэргэжил, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, зохих дүгнэлт гаргуулсан байх; татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгыг нэмэхээр болов.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс төслийн 8.4 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтын “улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээд, хэрэглэгчээс” гэснийг “иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас” гэж өөрчилж, мөн зүйлд “хууль санаачлагчаас Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу хууль тогтоомжийн сонсгол явуулсан эсэхийг шалгах.” гэсэн 2.6 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Төсөлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан “Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай 9.5 дугаар зүйл, мөн шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, эсхүл хуулийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд байгаа зөвшөөрөлтэй холбоотой хуулийн төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.3 дахь заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт хамаарахгүй.” гэсэн 9.6 дугаар зүйл Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн төслийн “8.6 дугаар зүйл” гэснийг 9.7 дугаар зүйл” гэж өөрчилж, мөн зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Ингэснээр энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *