Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Мөрдөн байцаагч шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл DNN.mn


Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэнийг байцаадаг, тэр бүү хэл таслан сэргийлэх арга хэмжээ авдаг жишиг манайд байх юм. Энэ асуудал дээр хуульч, хүний эрхийг хамгаалагчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэ төсөл орж ирж байгаа. Энэ хуулийн төсөлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас сэжигтэн яллагдагч болоод гэрч шинжээчийг дуудан ирүүлэх гэх заалт байна. Энэ заалтын ард хүний эрх хөндөгдөж байна л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй яваад байна л даа. Өнгөрсөн жилүүдэд мөрдөн байцаагч эрүүгийн хуулийн тусгай ажиллагаануудыг авч таслан сэргийлэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн асуудал удаа дараа гарсан. Тухайн хүний өмгөөлөгч болон ар гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүйгээр хорих анги руу хийсэн жишээ ч бий. Шүүх, прокурорын зөвшөөрлөө араас нь нөхөн гүйцэтгэдэг. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд төрийн ордонд болсон хуулийн байгууллагуудын нэгдсэн чуулганы үеэр “1964 ны Эрүүгийн байцаан шийтгэх хууль Монголын хөрсөнд тохирно. Үүнийг нутагшуулах нь зөв” гэх асуулгатай зүйл хэлсэн. 1990 оноос хойш хүмүүнлэг ардчилсан нийгэм шилжсэн үед ЦЕГ-ын дарга хүн ийм асуудал хөндсөн нь хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлсэн л дээ.

1960-аад оны үеээс хар баасан гариг гэж ярьж ирсэн зүйл бий. Энэ нь 1964 оны хуультай шууд холбоотой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид прокурорын зөвшөөрөлгүйгээр хэрэгт шалгагдаж байгаа субьектийг шалгах шаардлагатай болоход л тав дахь өдрийг тааруулаад баривчилдаг. Прокурорын зөвшөөрлийг сүүлд нь нөхөж гаргана. Амралтын өдрүүдийн хугацаанд хэрэгт шалгагдаж буй хүний эрх ноцтойгоор зөрчигддөг байлаа. Энэ бол эрүүдэн шүүх ажиллагааны нэг хэлбэр. Хуульч, хүний эрхийн хамгаалагчдын зүгээс үүнийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж ирсэн.

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд доромжлох гэж заалтыг шинээр оруулж иржээ. Хуульчдын зүгээс энэ асуудалд янз брийн л байр суурь илэрхийлж байна. Таны тухайд?

-Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах гэсэн гурван зүйл заалт нэг дор орж ирлээ. Эрх зүйт нийгмийн жишгээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах нь иргэний хуулиар зохицуулагдаад явах бүрэн боломжтой. Тухайн этгээдийг эрүүгийн хэргийн ялтан болгох шаардлага огт байхгүй. Ингэхлээр иргэн хардах эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх боломж хумигдаж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлээд л ялтан болох гээд байна шүү дээ. Үндсэндээ шоронжсон нийгэмд шилжих нь. Хууль тогтоогч байгууллага, хууль санаачлагчид иргэний хууль, захиргааны эрх зүйн мэдлэг хомс байгаа нь энд анзаарагдаж байгаа юм. Юм л бол Эрүүгийн хууль руу чихэж оруулаад л амар хялбар аргаар шийдвэрлэх гэж байгаа нь хүмүүсийн дуу хоолойг хорих гэсэн л башир арга болов уу. Энэ бүхнийг эрх зүйт нийгмийн жишигт ойртуулаад иргэний хуулиар зохицуулаад хүмүүнлэг нийгмийн ардчилсан тогтолцоонд нэгтгээд явах боломж бий. Харамсалтай нь хэрэгжүүлж чадахгүй байна л даа. Дээрх үйлдэл бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйг нухчин дарах оролдлого гэж хувьдаа харж байгаа. Монгол Улс хуулиар засаглах ёстой улс орон. Өнөөдөр хуулиар дарангуйлсан зүйл рүү л явж байна.

-Цагдаа, прокурорын тогтолцооны өөрчлөлт хийх цаг ирээд байна уу?

-Цагдаагийн реформ буюу тогтолцооны өөрчлөлтийг хийх цаг нь болсон. Манайд шүүхийн шинэчлэл гэж ярьдаг. Үүний хажуугаар цагдаа, прокурорын шинэчлэлийн асуудлыг огт хийдэггүй. Шударга шүүхээр шүүлгэх суурь зохицуулалт нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт прокурорын шатанд явагддаг. Суурь зохицуулалтын тогтолцоонд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулна гэдэг өрөөсгөл. Гүрж болон Казахстанд цагдаагийн байгууллагын тогтолцоог үндсээр нь өөрчилсөн. Ингэхдээ хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг өндөр түвшинд хангаж өгсөн байдаг. Жишээ татаад ярья л даа. АНУ-д жирийн цагдаагийн цалин 18.000 ам.доллар байдаг бол манайд 650.000-аас эхэлдэг. 650.000-ын цалинтай алба хаагчид ачаалалтай орчинд стресстэй ажилладаг. Хамгийн түрүүнд цагдаагийн алба хаагчдын ахуйн хангамж, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Энэ чинээгээр хүний эрхийн мэдлэг боловсролыг шалгуур болгож цагдаагийн албанд томилдог байх ёстой. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн талаар мэдлэг боловсрол алга. Хүчний байгууллага гэх ойлголттой байх юм. Цагдаагийн байгууллага бол үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага. Эрх зүйн хэм хэмжээний актанд нь ч энэ талаар тодорхой заасан байдаг.

Хоёрдугаарт, боловсон хүчин, боловсролын асуудал бий. Цагдаагийн боловсон хүчинг ОХУ-д бэлтгэдэг. Хуучин нийгмийн школ өнөөдрийг хүртэл салахгүй явж байна л даа. Үүнийг буруу гэж хардаг юм. Мэдээж аль ч орныг сонгоод очиж суралцах эрх нээлттэй ч эрх зүйт нийгмийн жишиг болсон улс оронд боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгаа юм. Энэ төрлийн боловсон хүчин бэлтгэж байгаа дотоодын сургуулиуд нь ч Орос школтойг та мэдэх байх. Үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Хүн эрх зүйн харилцаанд алхам тутамдаа орж явдаг. Бидний эрх зөрчигдөхөд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, хамгаалах чиг үүрэгтэй. Гэтэл эсрэгээрээ хүчний байгууллага гэдэг утгаараа үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхэд хүний эрхийг хамгаалах гэхээс илүү эрх баригч нам, нөлөө бүхий хүмүүсийн тушаал шийдвэрээр хөдлөөд байна л даа. Дээд шатны байгууллагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг цагдаагийн алба хаагч биелүүлэхгүй байх үндсэн чиг үүрэгтэй. Үүнийгээ ч биелүүлэхгүй юм. Үүний тулгуур зүйл нь цагдаа нарын нийгмийн баталгаа болоод тогтолцооны шинэчлэл. Энэ чигээрээ цааш явбал хүний эрх гэж яриад хэрэггүй. Бусад салбар хуулиудаараа л хааж боогоод явчихаж байна.

-Ардчилсан нийгэмтэй оронд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцаах ажиллагаа явуулдаг жишиг байдаг юм уу?

-Хүний эрхийг дээдэлсэн улс орнуудад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчдийн эрх, нөгөө талаасаа прокурорын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх ижил тэнцүү байдаг. Иргэнийг хэрэгт хамааруулаад шалгаж байна гэж тооцъё л доо. Аль ч талаасаа Үндсэн хуульд зааснаар тэр хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөлүүлэх эрхээ эдлэхийн тулд яллах, цагаатгах тал ижил тэнцүү байж тэр хүний гэм бурууг эцсийн шатан дээр шүүхээр дэнсэлдэг. Гэтэл өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах боломж прокурорын шатанд дутуу байна.

Прокурор дээр хүний эрх хамгаалах манаанд хамгийн түрүүнд зогсдог улс бол өмгөөлөгчид. Энд прокурор давуу эрхтэй байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор гээд шүүхийн шат руу явах хүртэл хэргийн материалыг задруулж болохгүй, хэргийн материалтай танилцах эрх байдаггүй. Прокурорт шилжээд шүүх рүү шилжихийн өмнө л өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцдаг. Бусад оронд прокурорын зүгээс тухайн хэргийг хянан шалгаж байгаа субьектэд даалгавар бичдэг. Үүнтэй ижил өмгөөлөгчид даалгавар бичих юм уу, хүсэлт гаргаад цугларч байгаа хэргийн материалтай нь танилцаад явдаг. Ингээд шүүхээс өмнөх шатанд нь цагаатгах болон яллах талын ижил тэнцүү баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэхэд давхар хяналт ордог. Ажиллагаа хангагдаагүй тохиолдолд шүүх дээр очоод үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд эргэлзээтэй байна гэж үзээд буцаадаг. Монголд ийм үйл явц байдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *