Categories
мэдээ нийгэм

Европын холбоо Оросын нефтид хэсэгчлэн хориг тавилаа

Европын холбооны удирдагчид ОХУ-ын эсрэг нефтийн импортод хэсэгчлэн хориг тогтоох тухайд гацаанд ороод байсан асуудлаар тохиролцож чаджээ.

Брюссельд болж байгаа Европын холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн төгсгөлд Холбооны тэргүүн нар энэ тухай мэдээлэл хийсэн байна.

Энэ хэсэгчилсэн хоригт, Оросоос тэнгисээр дамжуулж импортолдог нефть зөвхөн хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Оросын нефтийн импортын гуравны хоёрт хориг тавьсан гэсэн үг болж байна. Харин нефтийн хоолойгоор дамжуулж авдаг нефть шинэ багц хоригт хамаарахгүй. Тэрчлэн 2022 оны сүүл үе гэхэд Европын холбоо Оросын нефтийн бараг 90 хувиас нь татгалзана гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйн мэдээлсэн байна.

Оросын нефтийн импортод бүрэн хориг тавихын эсрэг байр суурьтай байгаа Унгар улс ч бас, тэнгист гарцгүй Европын холбооны бусад орнуудын адил хоолойгоор орж ирдэг нефтиэс худалдан авах боломжтой гэж Европын Зөвлөлийн дарга Чарльз Мишель хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр хэлжээ.

Оросын эсрэг зургаа дахь энэхүү багц хориг арга хэмжээг Европын холбооны Зөвлөл сайд нарын түвшиндээ авч хэлэлцэж, албан ёсоор батлах учиртай аж.

Үүний дараа Холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдэн гарснаар хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлэх юм. Энэ тов одоогоор тодорхойгүй байна.

Украин дахь нөхцөл байдалтай холбогдуулж Европын холбооны орнууд Оросын эсрэг таван багц хориг арга хэмжээ хэдийнээ авсан. Зургаа дахь багцыг батлах ажил Унгар зэрэг хэд хэдэн улс, нефтийн импортоос бүрэн татгалзахын эсрэг байр суурьтай байснаас болж сунжирч байсан юм.

Европын холбооны хоригийг батлахад гишүүн бүх улсын дэмжсэн санал шаардлагатай байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *