Архи нэрэхийг хориглох юм гэнэ, эрх баригчид. Бүр тодруулж хэлбэл, УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд шимийн архийг их хэмжээгээр үйлдвэрлэх тохиолдолд аймаг орон нутгийнхаа удирдлагаас тусгай зөвшөөрөл авна гэсэн агуулгатай заалт туссан нь олны дургүйцлийг хүргээд байна. Хамгийн хөгийн нь аймгийн засаг ноён тусгай зөвшөөрөл олгохдоо жирийн иргэн Бат, Дулмаад өгөхгүй, компанитай хүнд л өгнө гэж байгаа. Ухаандаа Архангай аймгийн Тариат сумын малчин Дорж ахиухан шимийн архи нэрэхийн тулд компани байгуулж, байгуулсан компанийнхаа нэр дээр сум, аймгийнхаа Засаг даргаас тусгай зөвшөөрөл хүсэх бололтой юм. Засаг ноён зөвшөөрөл өгвөл архиа нэрнэ, үгүй бол архиа ч нэрэх эрхгүй аж төрөх юмдаг уу даа, нийт олноороо.
Шимийн архиа нэрэхдээ хүртэл төрөөс зөвшөөрөл хүсэхдээ тулна гэдэг шуудхан хэлэхэд дарангуйллын тод хэлбэр. Эрх баригчдын дарангуйлал ханхалсан энэ үйлдэл халуун сэдэв болж буй өнөө үед эргэж сөхмөөр нэгэн явдал наяад оны сүүлээр болж байв. Архангай аймгийн намын хорооны хоёрдугаар дарга комисс гаргаж, өнөө комиссоо өөрөө ахлаад архи нэрж байгаа айлуудын бүрхээр тогоог хураан авч шатааж, сүржигнэж явсан тухай өнөө ч ам дамжин ярьцгаадаг. Тухайн үед мань эрийн сүржигнэл маш олон хүний дургүйцлийг хүргэсэн нь ойлгомжтой. Архиа нэрэхээ хүртэл ардын намын даргаар заалгана гэдэг яаж ч бодсон эгдүүцмээр дарангуйлал л даа. МАН-ын дарга нарын энэ мэт сүржигнэл хэрээс хэтэрсэн нь 1989 оны төрийн эргэлтийн суурь шалтгаан болсон гэхэд үнэнээс зөрөхгүй.
Яг тэр үеийнх шиг эгдүүцэл иргэдэд төрөөд олон жил болж байна. Сүүлдээ бүр цагаан идээгээ боловсруулж архиа нэрэхийг нь хүртэл заагаад эхэллээ, МАН-ын дарга нар. Яг тээр жилийнх шиг сүрхий ширүүн эсэргүүцэл, эгдүүцэл олны дунд түймэр мэт дэгдэж мэдэхээр болчихсоныг манай дарга нараас мэдэрч суугаа нь харин хэд бол. Дарангуйлах гэсэн биш улс төрийн тавцнаас арчигдах дээрээ тулах вий дээ гэсэн бодол төрөөд байх юм. Өнөөдөр хэн архи нэрж байна вэ гээд харахаар жирийн малчид, хоршоолол болж нэгдсэн малчин айлууд л амьжиргаагаа залгах маягаар шимийн архи хийж бага сага мөнгө олдог. Товчхондоо хувь иргэнийхээ орлого олох жаахан боломж руу төр нь ханцуй шамлаад дайрч байна л даа, тусгай зөвшөөрөл гэсэн нэр доор. Нүүдэлчин соёлоос улбаатай нэг айхавтар чанар монголчуудад бий. Эрх чөлөө рүү нь илэрхий халдсан, амьжиргаагаа залгуулах боломж бололцоог нь хумихаар завдсан хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, тийм санаатай хэнд ч эрх мэдэл өгдөггүй, эрх мэдэл өглөө ч буцаагаад авчихдгийг түүхийн шарласан хуудаснаас харчихаж болно.
МАН төрийн эрх барьснаасаа хойш иргэдийнхээ орлого олох, дажгүй амьдрах боломжийг хулгайлсан өчнөөн шийдэл шийдвэр гаргасаар ирсэн, өнөө ч гаргасаар яваа. Анх татвар нэмэхгүй гэж лоозогнож төрийн эрхийг авсан ч засагласнаас нь хойш татварын хэмжээ лав дөч гаруй хувиар нэмэгдчихлээ. Татвар бол иргэдийнхээ орлогоос ил цагаан дээрэмдэж буй хэлбэр. Хамгийн хорлонтой нь эрх баригчдын далд дээрэм дийлдэхээ болилоо. Далд дээрэм гэдэг нь инфляц, төгрөгийн ханшийн сулрал, долларын галзуурал. МАН-ын дарга нарын буруу бодлогоос болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан. Олонхын хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өсөлт гэхэд л дор хаяж 10-40 хувиар цойлсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өргөн хэрэглээний биш ч гэлээ зайлшгүй хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтүүдээс ч том тоогоор яригдана гээд төсөөл дөө. Төгрөгийн ханш суларч, доллар чангарсаар байгаа. Цаашид инфляц хэчнээн хувиар цойлж, төгрөгийн ханш яаж уруудахыг таамаглах арга алга. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, долларын ханшийн цойлолт иргэдийн сард авдаг цалингийн үнэ цэнийг өдөр ирэх бүр сулруулсаар байна. Хар үгээр хэлбэл, эрх баригчид хэрэгжүүлж байгаа буруу бодлогоороо иргэдээ ил цагаан дээрэмдсээр лав гурван жил болчихлоо. Цар тахлаас үүдэлтэй ачаа тээврийн гацаанаас гэхэд л төрийн том дарга нар өчнөөн тэрбумыг авлига, хахуулийн хэлбэрээр халаасалсныг сүүлийн үед өрнөж байгаа дуулианаас харчихаж болно. МАН-ын дарга нар цар тахлаар далимдуулж иргэдийнхээ халаасыг нимгэлж, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэсэн иймэрхүү жишээ салбар бүрт бий.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, том төслүүдээ хэрэгжүүлбэл долларын ханшийг барьж, инфляцийг хазаарлах боломжтой ч эрх баригчдад тийм чин хүсэл бас л алга. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн орчноо засч сайжруулах нь битгий хэл, улам муутгах элий шийдвэрүүд гаргасаар яваа. Том төслүүд хэрэгжүүлж ажилгүй залуусаа ажил орлоготой болгох хүсэл ч манай дарга нарт байхгүйг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд тод харуулж байна. Уг нь хувийн хэвшилдээ том төслүүдээ даатгачихвал эдийн засаг тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, эдийн засаг тэлэх хэрээр иргэдийн ашиг орлого олох боломж нэмэгдэнэ. Харамсалтай нь эрх баригчид төрийн компаниуд бүхнийг хийх ёстой гэсэн зарчмаасаа ухрах шинжгүй гүлдийцгээж байна. Төрийн компанийн нөлөө хүч ихсэх тусам төрийн дарга нарын халаас түнтийдэг учраас ингэж гүлдийцгээгээд байгаа хэрэг л дээ. За тэгээд цаашлуулаад яривал хувийн компаниудаасаа бизнесийг нь булаасан жишээ ганц хоёроор тогтохоо больсон. Сүүлд гэхэд л Хөтөлийн цементийн үйлдвэр төрд данслагдаад буй. Ингээд ч зогсохгүй үндэснийхээ цементийн үйлдвэрүүд рүү дайрсан хандлага эрх баригчдаас цухалзаад авсан. Төрд бүхнийг байлгах сонирхол үнэртсэн иймэрхүү жишээ болгоны цаана иргэдийнхээ сайхан амьдрах боломж бололцоог тонон дээрэмдэх сонирхол, хүсэл нуугдаж байгаа нь мөн л булзах аргагүй үнэн.
Шуудхан хэлэхэд, эрх баригч намын дарга нарын гаргаж буй хандлага ерөөсөө л иргэдийнхээ боломжийг яаж булааж өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх вэ гэдэгт л чиглэж байна. Зөрчлийн хууль гэхэд л иргэдийн халаасыг сэгсрэх маш том хэрэгсэл болчихсон. Ер нь байж болох бүх л хэлбэрээр иргэдийн халаас руу өнгийж, элдэв татвар хураамж зохиосон шигээ суугаа нь эрх баригчдын чаддаг ганц ажил нь болоод байгаа. Уг нь төрийн үүрэг үүнээс тэс ондоо. Төрийн эрх барьж яваа намын гол үүрэг бол “Ард иргэдээ яаж сайхан амьдруулах вэ” гэсэн асуултад хариу хайх. Харамсалтай нь төрийн энэ үүрэг манайд эсрэгээрээ. “Хэрхэн энгийн иргэдээ илүү ихээр тонон дээрэмдэж, захиргаадан дарамтлах вэ” гэдэгт л чиглэж яваа.
МАН-ынхан дээр үед “Хар, шар феодалаас энгийн иргэдээ чөлөөлж, эрх чөлөөтэй, амар жаргалтай амьдруулж байна” гэсэн пропоганда хийдэг байв. Одоо цагийн МАН-ын дарга нарыг харахаар өнөө харааж, муушаагаад байсан хар, шар феодалынхаа дүрд жинхэнэ утгаараа орчихсон даналзаж сууна. Тэд нэгэн цагт тарни мэт давтаж адладаг байсан “Хар шар феодал”-ууд шигээ ард түмнээ тонон дээрэмдэж, шулж мөлжиж, хаанчилж дарангуйлж явна. Улс төрийн тавцанд амьд мэнд аж төрье гэвэл одоо энэ муйхарлалаа зогсоомоор байна, эрх баригчид аа. Хэрвээ энэ тэнэглэлээ зогсоохгүй бол зогсоох хүч нь ард түмэнд бий гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Ц.Билиг