Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Таны хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганы ардчиллын салбар хуралдаанд оролцсон. Нээлттэй болон хаалттай нийгмийн ялгаа, зөрчлийн талаар алдарт хөрөнгө оруулагч Жорж Сорос ярьсан. Украин дахь дайнаас болж цар тахал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд саад учирч байгааг хэлсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Украины дайн ирээдүйд түүхийн сурах бичгүүдэд Дэлхийн хоёрдугаар дайн, Хүйтэн дайны дараа тогтсон дэлхийн дэг журмыг эвдсэн үйл явдал гэж тэмдэглэгдэх учраас энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг “Түүхэн эргэлтийн цэг” гэж нэрлэхээр тогтсон тухай энэ чуулга уулзалтыг үндэслэн байгуулагч Клаус Шваб гуай тайлбарлаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үргэлж онцгой анхаарал хандуулдаг, энэ удаа ч гэсэн 300 орчим салбар хуралдааны 100 нь энэ асуудлыг тойрсон хэлэлцүүлэг байлаа. Украины дайнаас болж ОХУ-ын шатах түлшний нийлүүлэлтийг зогсоосон тул улс орнууд цаашид эрчим хүчний хангалтаа хэрхэн шийдэх, энэ үйл явц сэргээгдэх эрчим хүч рүү богино хугацаанд шилжих боломжийг нэмэгдүүлж чадах эсэх нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Түүнчлэн дайны улмаас хүнс, түлшний үнэ өсч, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширч, сүүлийн хоёр жил доголдсон нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл үүсээд байгаа аж. Харин “Эрчим хүчний хэтийн төлөв, хямралыг даван туулах боломж” сэдэвт хуралдаанд оролцсон улс орнууд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж чадвал одоогийн нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, ямар ч эрсдэлийг богино хугацаанд даван туулах боломж байна гэсэн ихээхэн өөдрөг байр суурь илэрхийлсэн нь сонирхолтой байлаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо ихтэй учраас шатмал түлш, түүнээс гаралтай бүтээгдэхүүний хамаарлаас богино хугацаанд гарах өргөн боломжтой улс орнуудын тоонд орж байна.

-Чуулганаар даяарчлалын ирээдүйг хөндөн хэлэлцсэн, эдийн засгууд нэг нэгнээсээ ямар их харилцан хамааралтай болсныг тээвэр логистик, худалдаанд учирч буй хүндрэл тод харуулж байна. Яг энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд гарч байгаа ахиц, бэрхшээл юу байна вэ?

-Чуулганы үеэр “Евразийн стратегийн хэтийн төлөв” сэдэв маш сонирхолтой хуралдаан боллоо. Хуралдаанд оролцсон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч цар тахал, дайн зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэн Евразийн бүс нутагт хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдэж инфляцийн өсөлт 12 хувь болсныг тэмдэглэсэн.

Энэ нь 2011 оноос хойш гараагүй өндөр үзүүлэлт юм байна. Мөн геополитикийн тодорхой бус байдлын улмаас санхүүжилтийн өртөг нэмэгдэж, үүнийг дагаад ирэх онд бодлогын хүү 3.3 хувиар өсөхөөр тооцоо гарчээ. Энэ бүхэн Монгол зэрэг эмзэг эдийн засагтай орнуудад ихээхэн сөрөг үр дагавар авчрах нь тодорхой.Үүссэн нөхцөл байдал бидэнд эдийн засгийн хувьд дан ганц улс, ганц салбар, ганц эх үүсвэрээс хамааралтай байж болохгүй гэдгийг дахин сануулж, эдийн засгийг төрөлжүүлэх нь улс орны цаашдын хөгжилд амин чухал ач холбогдолтой болохыг нотлон харууллаа гэдгийг оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байна.Манай улсын хувьд энэ бүхэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг чухалчилдаг тул Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Цар тахал, дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдож хүнсний хангамж тасалдах эрсдэл тулгарч байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлаад байгаа билээ.

-Монгол Улс, БНХАУ хооронд нислэг 26 сарын дараа эргэн сэргэх гэж байна. Зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ. Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд Аялал жуулчлалын салбар хуралдаанаас харахад бид бүс нутгаас бусад бүсээс жуулчин татах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар. 2020 онд л гэхэд энэ салбарт ажиллаж байсан 63 сая хүн ажилгүй болж, улс орнууд олон их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Би хувьдаа жуулчид татахын тулд хийх нэн тэргүүний ажил бол энэ салбарт ажиллах хүчийг бэлтгэх явдал гэж боддог. Саудын Арабын Аялал жуулчлалын дэд сайдтай энэ үеэр уулзсан.Цар тахлын улмаас аялал жуулчлал хаагдсан үед тус улс энэ салбарт ажиллах хүмүүсийг бэлтгэхэд анхаарч 2021 онд 100 мянган хүнийг сургалтад хамруулсан гэж ярьсан.Үүний зэрэгцээ аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх нь хэрэглээний даацыг хэтрүүлэхгүй байх, ялангуяа байгалийн үзэсгэлэнт, соёлын дурсгалт газруудыг одоо байгаа хэвээр нь хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзаж, 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон. Уг форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумд гадаад, дотоодын бизнесийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэ үеэр сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох боломж олгож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ форум Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичигт тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлэх, жендерийн тэгш эрхийг хангах, чанартай боловсрол олгох, ногоон эдийн засагт шилжих явцдаа хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлж байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болно гэж тооцоолж байна. Уг форумыг зохион байгуулсны үр дүнд манай органик хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, аялал жуулчлалын төрөл олширч, ногоон эдийн засаг, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, залууст бизнесийн өргөн боломж нээгдэж, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжинэ гэсэн маш өөдрөг хүлээлт байгаа.

-Тэгвэл уул уурхайн бус экспортыг бодитой нэмэгдүүлэх чиглэлд ямар гол ажлууд хийгдэж байна вэ. Ялангуяа гуравдагч хөршүүд рүү хийх экспортын тухайд дипломат яриа хэлэлцээ хийгдэж байгаа юу?

-Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гуравдагч хөршүүд болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Бүс нутгийн интеграцид нэгдэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдхүүн гаргах зорилготой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Японтой 2016 онд байгуулсан. Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос эхлэн хамрагдаж, манай улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос ноолуур зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлж байна. Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын худалдааг дэмжих” төсөл хэрэгжүүлсний үр дүнд одоо манай 20 гаруй аж ахуйн нэгж гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширэн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд борлуулж байна. ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2017 онд нэгдсэний үр дүнд далайд гарцгүй, алслагдмал байршилтай манай улс гадаад худалдаагаа дэмжих томоохон боломжийг бүрдүүлсэн. Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр 2019 онд “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” баримт бичгийг боловсруулсан нь цаашдаа малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлчилгээ худалдааны салбар болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх, худалдааг хөнгөвчлөх замаар урт хугацаанд өрсөлдөх чадвар бүхий цөөхөн салбарт эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар худалдааг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Гадаад харилцааны яам олон ажлыг төлөвлөж дипломат шугамаар яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байна.

-Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд нэлээд анхаарал хандуулж байна. Тухайлбал, манай улс энэ чиглэлээр ямар ямар үүрэг, амлалт авсан бол?

-Нийгэм, эдийн засгийн бүх салбарт сөрөг үр дагавар үзүүлж буй цаг уурын өөрчлөлтийг бид хамтын хүчин чармайлтаар даван туулахаас өөр аргагүй гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын хувьд энэ хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлох замаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа бататгасан.Хамтын хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлохдоо уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид технологи, инновацийн дэвшлийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг босгож чадвал цаашид энэ зорилтыг 27.2 хувь хүргэж ахиулах боломжтой гэж үзэж байна. Манай Засгийн газар ногоон хөрөнгийн зах зээл, тогтвортой хөгжлийн бонд, ногоон хөрөнгө оруулалт, ногоон таксаноми зэрэг санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих санаачилга дэвшүүлж, энэ санаачилгыг дэмжсэн үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай өрнөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга болох мод тарих зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийн хэмжээ дорж хаяж 33 хувиар буурна гэж тооцоолсон. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад зориулж ДНБ-ий нэгээс доошгүй хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Олон улсын тавцан дээр манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэн ажиллахыг бусад улсад уриалж, тодорхой санаачилга дэвшүүлдэг. Зааны ясан эрэг Улсын Абижан хотноо энэ тавдугаар сард болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 15 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид тодорхой саналтай оролцож 2026 онд энэхүү конвенцийн 17 дугаар бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахаар болж холбогдох шийдвэрийг гаргууллаа. Түүнчлэн Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг санаачилж Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар батлуулсан.

Эцэст тэмдэглэхэд, энэ чуулга уулзалтад оролцож хүн төрөлхтний нийтлэг хувь заяатай холбоотой дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэх оролдлогууд, түүний дотор цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтад Монгол Улс идэвхтэй байр суурь баримталж, бүс нутагтаа болон дэлхий нийтэд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах сонирхолтой хэвээр гэдгээ Давосын энэ индрээс дахин нотолсон явдал нь манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *