Categories
гадаад мэдээ

Шри-Ланкийн ерөнхийлөгчид хариуцлага тооцно DNN.mn

Шри-Ланкийн эдийн засгийн хямралын улмаас тус улс албан ёсоор дефолт зарласан. Тэгвэл шинэ ерөнхий сайд Ранил Викрамасингхе ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэж мэдэгдэв. Энэ ажилд зориулан парламентын хяналт, санхүүгийн асуудлыг мөрдөн шалгах арав гаруй бие даасан хороод байгуулагдана гэв.

Цар тахал, нефтийн үнийн өсөлт, инфляцийн огцом өсөлт, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс ерөнхий сайд асан Махинда Ражапаксын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Махинда Ражапакса нь одоогийн ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн төрсөн ах юм. Тэд 2020 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнөх засгийн газрын хэрэгжүүлж байсан сонгууль, цагдаа, санхүүгийн хэд хэдэн шинэчлэлийг хүчингүй болгож байв.

Шинэ ерөнхий сайд Ранилын засгийн газрын санал болгож буй шинэ тогтолцооны дагуу ерөнхийлөгч парламентын өмнө хариуцлага хүлээх болж байгаа аж. Сайд нарын танхим ч мөн парламентын өмнө хариуцлага хүлээх болно гэж Ранил Викрамасингхе мэдэгджээ. Уг саналыг Засгийн газар болон дээд шүүх хүлээж авсны дараа батлагдахад хэдэн долоо хоног шаардагдах аж. Харин шүүмжлэгчид шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн улс төрийн шинэчлэлийг хүлээлтээс доогуур байна гэж үзэж байна. Учир нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг хүчингүй болгох зэрэг жагсагчдын гол шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзжээ. “Засгийн газраас дэвшүүлсэн санал нь ерөнхийлөгчид маш их эрх мэдэл олгосон хэвээр байна” гэж тэд үзсэн байна.

Шри Ланкад нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн хямралыг зохицуулахаар санхүүгийн таван хороо, хяналтын 10 хороог байгуулах гэнэ. Одоогоор Улсын санхүүгийн асуудал эрхэлсэн хороо, Аудитын хороо, Төрийн өмчийн хороо гэсэн гурван хороо нь төрийн санхүүгийн асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шинэ хороодыг нэмэлтээр байгуулна гэж шинэ ерөнхий сайд хэлсэн байна.

“Залуучууд одоогийн тогтолцоог өөрчлөхийг уриалж байгаагаас гадна тулгамдаж буй асуудлуудын талаар үнэнийг мэдэхийг хүсч байгаа. Иймээс 15 хороо тус бүрд залуусын дөрвөн төлөөллийг оруулах саналтай байна” гэж тэрээр нэмж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *