Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ DNN.mn

НИТХ-ын ээлжит XIV хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НИТХ-д танилцуулахдаа дурдсан.

Зорчигч тээвэрлэж буй автобуснуудын 75 хувь нь арваас дээш жил ашигласан байхын дээр 540 автобусыг нийтийн тээврээс хасахаар болсон нь хамгийн тулгамдсан асуудал юм. Тиймээс нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийхээс аргагүйд хүрсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоод зээллэг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод нийслэлийн гурван асуудал багтсаны нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Олон жилийн турш яригдсан хүлээлттэй байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ. Ингэхдээ ирээдүйд үр ашигтай цахилгаан автобусыг олноор нь оруулж ирэх, алсдаа агаар бохирдуулагч эх үүсвэр болдог дизель хөдөлгүүрт автобуснаас аль болох татгалзах саналыг хэлж байлаа.

Ингээд НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж, тогтоол гаргалаа.

“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан мөрдөж ирсэн. Журамд урьд нь дөрвөн удаа өөрчлөлт орсон бөгөөд энэ удаад Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор шинэчлэх шаардлага тулгарсан байна. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд журмын төсөл боловсруулах Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллажээ. Мөн дүүрэг бүрд болон нийслэлийн хэмжээнд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.

Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай бөгөөд өмнөх журамд зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтааснаараа онцлог юм. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээнүүдийг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг бүгдийг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхигдсон нүдний шилний захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж байгаа нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна. Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцолсон.

Энэхүү нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлуудыг арилгахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний соёл дээшилж, зохистой хэрэглээг дэмжихийн дээр хүн амын хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн дөхөм болох юм гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдэж байлаа. НИТХ-ын төлөөлөгчид нийтлэг журмыг зүйл заалт бүрээр нарийвчлан хэлэлцэж, холбогдох албаныхнаас асуулт асуун, санал бодлоо уралдуулсан юм.

Удтал хэлэлцсэний дараа “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *