Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна.
Тус сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг харах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа.
Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой энэхүү сургуулийг энэ удаа “Мэдлэг түгээе” зорилтын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах аж. Түүнчлэн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Мандал сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзахдаа энэ удаагийн сургалт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын дагуу бага зардлаар олон хүнийг хамруулахыг зорьж буйг онцоллоо.
Сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулийг бодит байдалд тулгуурлан явуулах юм.