Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр нэг муурын зулзагыг аймшигтайгаар тамлаад дараа нь өндөр дээрээс шидчихсэн тухай жижигхэн бичвэр бас хэрэндээ л шуугиан боллоо. Харин амьтанд хайртай залуусын нэгдэл болох “Азтай савар” бүлгэмийнхэн тэр зулзагыг олж авч эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харин энд ийм үйлдэл хийсэн хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлаас эхлээд өөр олон зүйл яригдах байх. Нэн тэргүүнд эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгч байгаа хүмүүжлийн тухай яригдах болов уу.
Энд тэнд муур нохойгоо салхилуулж яваа хүмүүсийг айхтар үзэн яддаг болжээ. Хүүхэд л болсон хойно амьтантай тоглох хүсэлтэй байхад “Наад муугаа өшиглө, цохь, зодоод хөөгөөд явуул” гэх эцэг эхчүүдтэй олон таарсан. Яг тийм хүмүүс л хүүхдүүдээ амьтан хайрлах сэтгэлгүй, өөдгүй яргачин болгож хүмүүжүүлж байна. Тийм хүмүүс л амьтныг байж болшгүй араатан мэтээр ярьсаар хүүхдийнхээ ухамсарт амьтныг яаж ч болно гэх ойлголтыг суулгаад байх шиг. Мөн чанартаа хүн ч гэсэн амьтан. Бусад амьтдаас ялгаатай нь ухамсартай. Үнэндээ гэрийн тэжээмэл амьтан бол тухайн гэр бүлийн нэг гишүүн нь болсон байдаг. Бид хүний эрхийн тухай байнга ярьдаг ч амьтны эрх гэж бас нэг зүйл байгааг ямагт орхигдуулдаг. Өөрсдийгөө хачин сайхан, хорвоод байхгүй энэрэх хайрлах сэтгэлтэй гэж уянгалдаг хэрнээ бодит байдал дээр нэг иймэрхүү.
Өнөөдөр амьтан тарчлаагаад, юу ч болсон шинжгүй тэр өндрөөс шидээд “таашаал” авч байгаа хүүхэд ирээдүйд яг ямар хүн болж төлөвших нь бас л бодох асуудлын нэг гарцаагүй мөн. Хүүхдийн хүмүүжил гэдэг зөвхөн хичээл сурлагадаа сайн байхаас гадна өөр олон зүйлээр хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй ээ. Монгол Улсын амьтны тухай хуулинд “мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж л заажээ.
Гэрийн тэжээмэл амьтанд ч бас эрх гэж байх ёстой. Уг нь бид өмнөх зуунуудаас хавьгүй илүү энэрэнгүй, хүнлэг нийгэмд амьдарч байгаа бус уу. Гэрийн тэмжээмэл амьтны эрхийг хамгаалах хууль гэж гаргасан ч яах вэ гэх бодол төрж байгааг нуух юун.