Шри-Ланка улсын ерөнхий сайдаар томилогдоод хоёр долоо хоног болж байгаа Ранил Викремесингх өчигдөр тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах богино хугацааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.
22 сая хүн амтай Энэтхэгийн далайн арал улс Шри-Ланка тусгаар тогтносноосоо хойших 70 гаруй жилийн хугацааны хамгийн хүнд хямралтай тулгараад байгаа.
“Хүнд өдрүүд биднийг хүлээж байна. Ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэх нь гарцаагүй. Зовлонтой тулгарсан ард иргэд ингэх нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалахыг хичээх болно. Миний удахгүй танилцуулах завсрын төсөвт онц шаардлагагүй зардлыг хэмнэх, хүн амын эмзэг бүлгийг тэтгэх ажлууд тусгагдана” гэж ерөнхий сайд ярьжээ.
Өнөөдрийн хямралын үндэс нь коронавирусийн цар тахлаас үүдэлтэй аялал жуулчлалын орлого тасарсан, гадаадад ажилладаг иргэдийн ар гэртээ илгээдэг мөнгө багассан, өмнөх засгийн газрын татварыг танах популист шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой.
Үүний улмаас Шри-Ланка улсын гадаад валютын нөөц дундарч, чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортлох чадваргүй болсон юм.
Ард иргэд уг хямралд ерөнхийлөгч Готабаяа Ражапаскагийн гэр бүлийг буруутгаж байгаа. Ерөнхийлөгчийн ах Махинда Ражапаска саяхныг хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Энэ сарын эхээр нийслэл Коломбо хотод гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр есөн хүн амь үрэгдэж, 300 орчим хүн бэртэж гэмтэж байв. Үүнээс хэдхэн цагийн дараа Махинда огцорч, өмнө нь гурван удаа ерөнхий сайдаар ажиллаж байсан Ранил Викремесингх улс орноо хямралаас гаргах үүрэг хүлээгээд байна.
“Бидэнд одоо рупигийн орлого байхгүй болсон тул нэг их наядын рупиг ($2.7 тэрбум) хэвлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн Викремесингх жилийн инфляцын хэмжээ ойрын саруудад 40 хувьд хүрэхийг анхааруулжээ.
Шри-Ланкын инфляц гуравдугаар сард жилийн эхнээс 21.5 хувь хүрч өссөн бол дөрөвдүгээр сард 33.8 хувь хүрсэн юм.
Тус улс саяхан хөрш Энэтхэгээс зээлийн шугам нээж, хэрэгцээт бензин шатахуунаа импортолсон. Одоо Олон Улсын Валютын Сангаас зээл авах яриа хэлэлцээ хийж байгаа.
Ерөнхий сайд Викремесингх ирэх долоо хоногт Хятадын элчин сайдтай уулзахдаа бордоо, эм хэрэгслийн тусламж хүсэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.