Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Нарантуяа: Эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй гээд буцаадаг хүнлэг бус дүрэм журам үйлчилж байгаа нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай “Ковид- 19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн талаар ярилцлаа. Уг сэдэв Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд орсон билээ.


-“Ковид-19” цар тахлаас хүний эрх, эрх чөлөөний хувьд монголчууд ямар сургамж авав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хүний эрх, чөлөөний төлөв байдлын талаарх 21 дэх илтгэлд “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж нэртэй бүлэг орсон. Энэ бүлэгт бид дөрвөн үндсэн асуудлыг тусгасан. Сургамжийн тухайд эдгээр дөрвөн бүлгээс онцолж ярихад Монгол Улсын Засгийн газар “ковид-19” цар тахлын халдвараас хүний амь насыг хамгаалах үүргээ биелүүлжээ гэж үзэж байгаа. Энэ нь нэгд, урт хугацаанд дотооддоо халдварыг өндөр үнээр буюу нийгэм эдийн засгийн өндөр өртөг төлж, хязгаарласан. Нөгөө талдаа дархлаажуулалтыг хурдан хугацаанд үр нөлөөтэй явуулсан нь нас баралтыг бууруулсан гэж дүгнэсэн. Гэхдээ эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд хангалтгүй ажилласан гэж үзсэн. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу, хаа хаанаа бэлэн биш байсныг харууллаа. Түүгээр зогсохгүй тохиолдлын удирдлагын системд гэнэтийн зүйл гарч ирэхэд түүнд хариу арга хэмжээ авах чадавх аль, аль нь сул байлаа. Хэдийгээр бид 10 сарын хугацаанд дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан боловч энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх бэлэн байдлаа хангаж чадсангүй. Уушги орлуулах аппаратын нөөц зэргээс үүнийг дүгнэж болно. Түүнээс гадна ХЭҮК-оос энэ талаар социологийн судалгааг хийсэн. Монгол Улсын иргэд цар тахлын үеэр эрүүл мэндийн тусламжийг хэрхэн авав, оношилгоо, эмчилгээ ямар байв, халдвар авсны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж чадсан уу зэрэг олон сэдвийг хамарсан судалгааны үр дүнг илтгэлд танилцуулсан байгаа.

Дүгнээд хэлэхэд, эрүүл мэндийн салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиггүй. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах талаар хангалтгүй ажилласан. Хүний нөөц, бодлого зохицуулалтын асуудал дутуу, цар тахлыг даван туулах бэлтгэл ажлыг хангах цаг хугацааг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай байна гэж дүгнэсэн.

-Цар тахлын үеэр дотоодоос болон гадаадаас цугларсан хандив тусламжийн зарцуулалтыг ил тод болгохгүй байгаа асуудлыг өнөөдөр хүртэл хөндөж байгаа. Үнэхээр ил тод болгох боломжгүй байгаа хэрэг үү. Судалгааны явцад энэ тал дээр та бүхэн анхаарав уу?

-Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг төр хангаж чадсан уу гэдэг дүгнэлт хийхийн тулд хангалттай хэмжээний төсөв байсан уу гэдэг мэдээлэл чухал. Гэвч Комисст дүн шинжилгээ хийх хэмжээний хангалттай мэдээлэл ирээгүй. Энэ тухай мэдээлэл аль, аль шатандаа хангалтгүй байсан. Эрүүл мэндийн яамнаас төсвийн талаар маш товч мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн хүрээнд эрүүл мэндийн салбар хэрхэн ажилласан талаар дүгнэлт хийхэд хангалтгүй байсан гэдгийг илтгэлд онцолсон байгаа. Түүнээс гадна Үндэсний аудитын газрын хяналт шинжилгээний үр дүнд гарсан зөрчилтэй асуудлууд, мөн эрүүл мэндийн салбарын дотоод аудит, судлаачдын ярьж байгаа санхүүгийн зөрчилтэй баримт фактуудаар бол эрүүл мэндийн салбар хийж чадах хэмжээнээсээ дутуу хийлээ гэж дүгнэж байгаа.

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 1.2 их наяд төгрөг цугларсан гэдэг. Улсын төсвөөс, Засгийн газрын нэмэлт санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зэргээс 800 орчим тэрбум төгрөг, олон улсын төсөл хөтөлбөрөөс 300 гаруй тэрбум төгрөг, иргэд аж ахуйн нэгжийн хандив 47.8 сая төгрөг гэх зэргээр нийт 1.2 их наяд төгрөгийн төсөв санхүү цугларчээ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ үүний зарцуулалт нь тодорхой биш. Дээрээс нь үр ашигтай зарцуулсан уу гэдэг асуудал байгаа. Жишээ нь, ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн хүнд ойролцоогоор 9.8 сая төгрөг зарцуулж байсан бол гэрээр эмчлүүлсэн өвчтөний төсөв 70-160 мянган төгрөг байсан. Үүнийг ХӨСҮТ-д эмчлүүлсэн хүний төсөвтэй харьцуулахад 61-140 дахин ялгаатай хэмжээний төсөв санхүү зарцуулсан гэсэн тооцоолол гарч байгаа. Үүнээс харахад нэгд, зарцуулалтын ил тод байдал, дээр нь оновчтой үр ашигтай зарцуулалт гэдэг хоёр зүйл дээр Комисс илтгэлд онцгойлон анхаарлаа хандуулж сануулсан.

-Хандив тусламж маш ихээр цугларсан. Таны хэлснээр үр ашигтай зарцуулалт хийгдэж чадаагүй гэх шүүмжлэл гардаг шүү дээ?

-ХӨСҮТ гэхэд улсдаа цорын ганц төв. Гэтэл нийтийн ариун цэврийн өрөө, агааржуулалтын нэг системтэй. Бохирын шугам нь Улаанаатар хотын төв шугамтай холбогддог. Энэ нь дахиад нийтийн эрүүл мэндийн гамшиг гарсан тохиолдолд улс даяараа эрсдэлд учруулахуйц нөхцөл байдалтай. Нэг ёсондоо одоогийн байгууламжууд эргээд хангалттай хамгаалалт, ухаалаг дэд бүтэц болж чадахгүй байгаа асуудал байгаа юм. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа өгөх ёстой ковидын нэмэгдлийг өгөөгүйгээс гадна тэр үед ажилласан жолооч, үйлчлэгч нарт чиглсэн бодлого, тэдний хүчин зүтгэл чармайлтыг үнэлсэн үнэлгээ яригдаагүй. Энэ асуудлаар ХЭҮК-т маш олон хүн гомдол ирүүлж байсан.

-Илтгэлд онцолсон бас нэг асуудал анхаарал татсан. Тусламж хүсээд ирсэн иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тухай эмч нар ярьсан байсан шүү дээ. Хэрэв тусламж хүсч ирсэн хүн бүрийг авчихвал даатгалаас мөнгө олгогддоггүй зэргээр эмч нарыг дээрээс нь зэмлэсэн гэж. Энэ талаар тодруулаач?

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, өгч байгаа чиглэл, дотоодод үйлчилж байгаа дүрэм журам хүнлэг биш, хүний эрхийн зарчимд нийцэхгүй байсан. Эмнэлэгт өвчтөн хүлээж авахад тодорхой дүрэм журмаар зохицуулах нь ойлгомжтой. Гэхдээ амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орчихсон ноцтой тохиолдолд уян хатан ажиллах нөхцөл бололцоотой байх ёстой. Гэтэл харьяаллын биш хүнийг авахад даатгалаас санхүүжилт орж ирдэггүй. Эсвэл эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй учраас нас барах эрсдэлтэй хүнийг авахгүй гэдэг зарчим чиглэл өгөгдөөд байгаа нь эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ялангуяа амь нас нь дээсэн дөрөөн дээр болчихсон хүнд хүргэхэд бэрхшээл учруулаад байгаа юм. Мөрдөгдөж байгаа дүрэм журам нэгдүгээрт, хүнлэг биш байна. Хоёрдугаарт, бодит амьдралд нийцэхгүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үзүүлэлтийг үнэлдэг үнэлгээ хүнлэг бус байна.

-Нас баралтаар эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг хэмжих гэдэг үнэхээр хүнлэг бус юм?

-Ганц ийм зүйлээр хэмжих юм бол нас барах эрсдэлтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж багасна гэсэн үг. Дүрэм журмаар хүний амь насыг аврах боломжийг хязгаарлаж болохгүй.

-Вакцинтай холбоотой нэлээд зөрчил, үл ойлголцол гарсан. Сайн дураар вакцинд хамрагдах төрийн шийдвэр гарсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байсан шүү?

-Илтгэлд орсон дараагийн асуудал бол дархлаажуулалттай холбоотой. Манай улс ямартаа ч хүн амаа өргөн хүрээтэй дархлаажуулсан нь үхлийг бууруулсан гэдгийг ярилцлагын эхэнд онцолсон шүү дээ. Гэхдээ үүнтэй холбоотой анхаарал татсан дөрвөн асуудал бий. Нэгдүгээрт, ковидын вакцин сөрөг нөлөөтэй юү, ямар төрлийн вакцин, хэрхэн үйлдвэрлэгдсэн зэрэг маш олон төрлийн мэдээллийг олон нийт хүсч байсан. Гэвч хариу мэдээлэл хангалтгүй байсан. Хоёрдугаарт, УОК-оос ковидын вакцинд хүмүүс сайн дураараа хамрагдана гэж зарласан ч зарим хувийн хэвшил, үйлчилгээний байгууллага, эсвэл хот хооронд зорчиход заавал вакцинд хамрагдах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Бодит байдал дээр үүнээс болж хөдөлмөрлөх, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж, үйлчилгээ авах боломжууд хязгаарлагдсан. Гуравдугаарт, вакцины сөрөг нөлөөллийг хянах, сөрөг нөлөө гарсан тохиолдолд арга хэмжээ авах бодлого үйл ажиллагааны зохицуулалт байгаагүй. Угтаа бол ХӨСҮТ болон Мэргэжлийн хяналтын байгууллага сөрөг урвалжийг хянах ёстой.

-Вакцин хийлгэсний дараа гэнэт нас барчихлаа, зүрх дэлсдэг, даралт ихэсдэг болчихлоо гээд олон зүйл яригдсан. Энэ маргааныг эцэслэж нэг тийш болгоогүй санагдаж байна?

-Эдгээр нь яг юунаас болов гэдгийг нягтлах ёстой. ДЭМБ-аас маш бага тохиолдолд цус бүлэгнэл урвалж үзүүлж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байхад Засгийн газар үүнтэй зэрэгцээд сөрөг нөлөөллийг хянах үйл ажиллагаагаа тодорхой болгох ёстой байлаа. Гэвч энэ ажлыг хийж чадаагүй гэсэн дүгнэлтийг Комисс хийж байгаа.

-Ковидын эхэн үед халдвар авсан хүний явсан газар, уулзсан хүмүүс гээд маршрутаар нь гаргаж ирээд зарладаг байлаа. Хувь хүний нууцаас эхлээд олон төрлийн эрх зөрчигдсөн гэж хүний эрхийн хуульчид үздэг. ХЭҮК үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг сайн зүйл нь Ковидын хуульд иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хязгаарлах зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хязгаарлалт хуулийг үндэслэсэн байх ёстой, хязгаарлах тухай хууль гарсан байх ёстой байсан. Хоёрдугаарт, тэр хязгаарлалт нь үр ашигтай байх ёстой. Ийм арга хэмжээ авсны үр дүнд ийм үр дүн гарна гэдгийг шинжлэх ухаанчаар тооцсон байх ёстой. Аль болох хүний эрхийг бага хязгаарлах ёстой. Гуравдугаарт, хүнийг ялгаварлан гадуурхаагүй байх ёстой. Гэвч ингэж хуулиндаа оруулсан ч огт мөрдөөгүй гэж бид дүгнэсэн. Жагсаал цуглаантай холбоотой, хувь хүний мэдээлэл, хувийн нууцтай холбоотой ямар ч ойлголтгүй байгаагаа төрийн байгууллагууд цар тахлын үеэр харуулсан.

Түүнээс гадна хоёрдугаар сард нь ХӨСҮТ-өөс PCR шинжилгээ хийж байгаа гэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө хүний овог нэр, нас хүйс, гадаад паспортын дугаар, шинжилгээний хариу, онош зэргийг харуулсан маягтыг олон нийтэд үзүүлж байх жишээтэй. Хүний хувийн мэдээллийг олон нийтэд цацаж болохгүй гэдгийг ерөөсөө ойлгоогүйн илрэл.

-Иргэн Д-г халдвар тараасан мэтээр яриад л, явсан маршрутыг нь зарлаад л. Эдгээр нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Маргах шаардлагагүй хүний эрхийн зөрчил. Ялангуяа төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хувь хүний мэдээлэл, явсан маршрут, уулзсан хүн зэргийг олон нийтэд зарлах эрхгүй. Ганцхан Д-гийн асуудлаар тогтохгүй. Хөдөө орон нутагт энэ төрлийн маш олон кейс гарсан. Олон хүний бизнесийн үйл ажиллагаа хаагдах, ялгаварлан гадуурхагдах, нэр хоч авах, гэр орон руу нь чулуу шидэх гэх мэт үзэн ядалтыг бий болгосон. Дээрээс нь хувь хүний мэдээллийг технологи ашиглаж бүртгэл хийсэн нь ч анхаарал татаж байгаа. Үйлчилгээий газруудад иргэдийн байршлын дата их хэмжээгэээр цугларсан. Үүнийг халдвар зогсооход ашигласан уу, үр дүн гарсан уу гэдэг эргэлзээтэй. Ийм үр дүн гарсан, халдвараас ингэж урьдчилсан сэргийллээ гэсэн мэдээллийг төрийн аль ч байгууллагаас Комисст гаргаж өгөөгүй. Эрүүл мэндийг хамгалаахад үр дүнтэй байсан эсэх эргэлзээтэй. Харин ч үр дүн багатай байсан гэж бодож байгаа. Тэр мэдээлэл хувийн хэвшлийн байгууллагад, аппликэйшн хийсэн хүмүүст цугларсан. Үүний үр дагавар хэзээ яаж гарахыг одоо ч бид мэдэхгүй.

-Төр засгаас энэ цар тахлаас ямар сургамж авав, дараагийн цар тахалд бэлэн эсэх анализ хийсэн байдал өнөөдрийг хүртэл алга байна уу даа?

-Бид алдаж оноод “Ковид-19” цар тахлын хоёр жилийг тууллаа. Хамгийн чухал нь дараагийн эрүүл мэндийн гамшиг үүссэн тохиолдолд Монгол Улс ямар чадавх, ямар зохион байгуулалттай, ямар бодлоготой байх юм бэ гэдэг л чухал. “Ковид-19” цар тахлын удирдлагыг хэрэгжүүлж байсан байгууллагуудын тогтолцоонд үнэлгээг хийхэд маш их давхцалтай гарсан. Ерөнхийлөгч, Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг бүгд оролцож шийдвэр гаргадаг. Шийдвэрүүд нь байнга өөрчлөгддөг. Сонгуулийн үр дүнд, Засаг огцроод өөрчлөгддөг. Ерөөсөө бид нийтийн эрүүл мэндийн гамшгаас хамгаалах тогтолцоо, бодлогоо эргэж харах шаардлагатай байна. Нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг даван туулна гэдэг зүгээр нэг вирусийг шилэн саванд бариад авчих асуудал биш. Нийгмийн олон нарийн түвэгтэй харилцаануудыг зохицуулах асуудал гэдгийг ойлгох, түүнийг шат шатандаа хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргах, тогтолцоогоо шинэчлэх ёстой юм. ХЭҮК-оос нэг зүйлийг Засгийн газар, УОК, ОБЕГ, ЭМЯ-нд санал оруулж байгаа. Тэр бол нийтийн эрүүл мэндийн гамшгийн талаарх бодлогыг боловсронгуй болгоход хамтарч оролцъё гэдэг санал. Энэ асуудлаар манай байгууллагаас ирэх долоо хоногт холбогдох байгууллагуудтай албан уулзалт хийхээр товлоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *