Categories
мэдээ нийгэм

Допинг хэрэглэсэн бөх, хэрэглэхийг зөвлөсөн дасгалжуулагчид хариуцлага оногдуулах механизмыг Үндэсний баяр наадмын тухай хуульд тусгажээ DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулав.

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн бөгөөд бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.

Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна хэмээн сайд Ч.Номин танилцуулав.

Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, допингийн асуудал, хурдан морины уралдаанд морьдыг үүлдэр угсаагаар ялган оролцуулах тухай, унаач хүүхдийн насны хязгаар, шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах болсон зэрэг асуудлыг тодруулж байлаа. Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар хуулийн төсөлд үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан байна.

Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл дээрх дүрэм, журмыг бөх, сур, шагай, хурдан морины холбогдох мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зохицуулжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байхаар тусгасан байна.

Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэх бөгөөд стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно хэмээн төсөлд заажээ. УИХ-ын гишүүд стандартын шаардлага хангасан морь гэж чухам ямар морийг хэлэх, үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг уралдуулах эсэх, унаач хүүхдийн насны хязгаарыг долоо гэж заасан нь зүйд нийцэх эсэх талаар байр сууриа илэрхийлсэн.

Хуулийн төсөлд монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгасан байна.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хамтран зохион байгуулсан “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” онол практикийн бага хурлаас гарсан үр дүнг үндэслэн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон юм. Тогтоолоор төсвийн шинэчлэлийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нарийвчлан тусгах, уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд, Бүх нийтэд жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх зорилгоор батлагдсан Боловсрол, шинжлэх ухааны салбарт баримтлах жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын /2017-2024/ хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас дэмжих, эрдэм шинжилгээний үйл хэрэгт татан оролцуулах замаар уялдааг хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгасан юм.

Дараа нь Байнгын хорооны тогтоолоор Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100,000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар ажиллах бөгөөд ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2022 оны 05 дугаар сарын 31-ний дотор Байнгын хороо, Улсын Их Хуралд танилцуулахыг даалгасан байна.

Түүнчлэн тус байнгын хорооны 05 дугаард сард хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *