Хотон шувууны хошууг худалдах талаар цахимд тавьсан зарыг устгуулжээ.
Тодруулбал, цахим орчинд ховор шувууны хошууг зарах тухай зар байршуулсныг Экологийн цагдаагийн албанаас шалгасан байна.
Шалгалтаар Монгол Улсын иргэн Э гэгч Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж, хадгалж байгаа хотон шувууны хошууг авчирч худалдахаар ярилцан төлөвлөж, зар байршуулсан бөгөөд хотон шувуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт агнасан нь тогтоогдоогүй аж.
Иймд тухайн иргэнд ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар зарж борлуулбал хуульд зааснаар хариуцлага хүлээх учрыг тайлбарлан өгч, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар сануулж, цахим сүлжээнд байршуулсан зар мэдээллийг устгуулсан гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар, хэрэв нэн ховор ангилалд хамаарах Борцгор хотон шувууг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.