Үндэсний статистикийн хорооны 2021 оны тоон мэдээгээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс 11 хувь нь харааны, 7.9 хувь нь сонсголын, 19.8 хувь нь хөдөлгөөний, 19.21 хувь нь сэтгэцийн, 3.8 хувь нь хэл ярианы, долоон хувь нь хавсарсан, 31.2 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй.
Түүнчлэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэж, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний онцлог, чадварт нь тохирсон ажлын байраар хангах, урлаг спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам 1800-0724 утас, Duudlaga.mn дохионы хэлмэрчийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнийг ковидын үеийн шуурхай дуудлага болох 119 дугаартай холбон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хүргэсэн хэмээн мэдээллээ.