Categories
гадаад мэдээ

Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn

Украинд Оросын зэвсэгт хүчин хэр хэмжээний хохирол амсаад байгаа талаар талууд өөр өөрөөр мэдээлж байгаа.

Энэ талаар Москвагийн эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Гуравдугаар сарын 2-ны өдөр тус улсын батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээлэлд 498 цэрэг амь үрэгдсэн тухай дурдаж байжээ.

Дараа нь гуравдугаар сарын 25-нд 1,351 цэрэг алагдсан тухай хамгийн сүүлд мэдээлсэн юм.

Харин Украины тал Оросын хүн хүчний хохирлыг 27,000 орчим гэж мэдээлж байна. Ням гарагт Их Британийн батлан хамгаалах яам “Оросын тал хоёрдугаар сард дайн эхлэх үед байсан хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байж болзошгүй” гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Оросын 50,000 орчим цэрэг алагдсан буюу шархадсан гэж тооцоолсон байна.

Тэгвэл Оросын Mediazone вэб сайт тавдугаар сарын 6-ны байдлаар Украинд амь үрэгдсэн 2,099 цэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг тодруулснаа саяхан нийтэлжээ.

Ингэхэд амиа алдсан цэргүүдийн ихэнх нь 21-23 насныхан, 74 нь 20 хүрээгүй настай байсан нь тогтоогдсон байна.

Бүс нутгаар нь авч үзвэл хамгийн олон нь Ар Кавказ, Сибирийн бүс нутгаас татагдсан цэргүүд байжээ.

Харин нийслэл Москва, хоёр дахь том хот Санкт-Петербургээс татагдсан цэргүүд амь үрэгдэгсдийн дотор цөөн тоотой байсан байна.

Украинд амиа алдсан цэргүүдийг бүс нутгаар нь ангилахад хамгийн олон нь буюу 135 нь Дагестанаас татагдсан байжээ. Дараа нь 98 хохиролтой Буриад удаалсан байна.

“Хуурай замын цэргүүдийг Оросын жижиг хот, тосгон, хязгаар нутгаас ирсэн залуус бүрдүүлдэг. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын түвшинтэй холбоотой. Хуурай замын цэрэгт тавигддаг шаардлага харьцангуй бага байдаг бол шилдэг, боловсролтой залуус, ирээдүйн офицерууд нь стратегийн зэвсэг, агаарын, сансрын, тэнгисийн зэвсэгт хүчинд алба хаадаг” гэж сайтын тоймч Павел Лузин бичжээ.

1979-1989 оны хооронд Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн зэвсэгт хүчний хохирлын хэмжээ 15,000 орчим байсан юм.

Харин гурван сар хүрэхгүй хугацаанд үргэлжилж буй Украины дайнд амссан Оросын зэвсэгт хүчний хохирлын хэмжээ үүнийг давах магадлалтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *