“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан /Gobi Oyu Development Support Fund/-гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” өнөөдөр нээлтээ хийлээ. Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байгуулагдсан энэ музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ.
Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсээс музейд дэлгэсэн байна.
Мөн музейд улсдаа алдартай Ноён Сэврэйн дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой.
Музей нийт 18 ажилтантай бөгөөд жилдээ гадаад дотоодын 20 мянга гаруй үзэгчид соёлын үйлчилгээг түгээхээр төлөвлөсөн. “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 онд байгуулж, жил бүр таван сая ам.долларыг энэхүү сангаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.