Олон улсын музейн өдөр тохиож байна. Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” уриан дор тэмдэглэж буй юм.
Дэлхийн 138 орны 44 мянга гаруй музей нэгдэн илүү инновацлаг байх, музейн боловсролыг нэмэгдүүлэх, хүн хоорондын харилцааг илүү гүн болгож, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсад Музейн тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлснээр орчин цагийн музейн харилцаа, музейн үүргийг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан бөгөөд хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн музейн үндсэн дөрвөн үүргийг Соёлын яам тасралтгүй хөгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд салбарын яамнаас
-16 хүртэлх насны хүүхдийг музей үзэхэд үнэ төлбөргүй болгосонд түшиглэн байгаль, түүх, газарзүй гэх мэт хичээлийг музейд явуулдаг сонгодог арга барилыг нь дэлгэрүүлэх,
-Музейн тасалбарыг цахим болгох,
-Музейн үзүүллэг дэглэлтийг илүү сонирхолтой, орчин үелэг, шинэлэг болгох,
-Музейн дохиолол, хамгаалалтыг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэх,
-Музейн байранд хүчитгэл, засвар хийх,
-Музейн үзмэртэй шууд харьцдаг албан тушаалтанд тодорхой урамшуулал олгох зэрэг олон ажлыг эхлүүлжээ.
Монголын Үндэсний музейн задгай талбайд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй музей, үзвэр үйлчилгээний газрууд, орон нутгийн музейн хамт олон аймгийн музейд соёл, танин мэдэхүйн хөтөлбөр танилцуулж, ном бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг нийтэд толилуулах юм.