Categories
гадаад мэдээ

​ АНУ-ын мэргэжилтнүүд Хятадын онгоцны ослыг санаатай үйлдэл байсан гэжээ DNN.mn

зураг

Энэ оны гуравдугаар сард China Eastern Airlines компанийн 132 зорчигчтой Boeing 737-800 нисэх онгоц Хятадын өмнөд хязгаарт осолдсон билээ.

Жигд өндөрт хурдтай нисэж байсан онгоц гэнэт эгц доошоо 6,000 метрийн өндрөөс унаж, уул мөргөсөн юм. Ингэж унахдаа ердөө нэг минут гаруй хугацаа зарцуулсан байжээ.

Хятадын эрх баригчид онгоцыг үйлдвэрлэсэн АНУ-аас мэргэжилтнүүдийг урьж, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажилд оролцуулсан юм.

Тэгвэл уг ажиллагаанд оролцсон Америк мэргэжилтнүүд онгоцны ослыг хэн нэгэн санаатай үйлдсэн гэх дүгнэлтийг гаргаад байгаа тухай Wall Street Journal өчигдөр албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Тодруулбал нисгэгчдийн бүхээгт явсан хэн нэгэн онгоцыг эгц доош унагах командыг өгсөн нь хар хайрцгийн бичлэгээс тодорхой болсон байна.

Осолдсон Boeing 737-800 онгоц нь дэлхийн олон орны агаарын тээвэрт өргөн ашиглагддаг, найдвартай техникт тооцогддог.

Хятадад осолдсон онгоцны нислэгийн үеийн тоон мэдээллүүд, нөхцөл байдал 2015 онд Германд осолдсон онгоцныхтой тун төстэй байгааг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тухайн үед Альпын нурууны дээгүүр нисэж байсан 150 зорчигчтой Airbus A320 нисэх онгоцыг нисгэгч нь санаатай унагаж байсан юм.

China Eastern Airlines компани өмнө гаргасан мэдэгдэлдээ осолдсон онгоцны нисгэгч, туслах нисгэгч нар эрүүл мэндийн хувьд хэвийн, гэр бүлийн болон мөнгө санхүүгийн асуудалгүй байсныг баталж байжээ. Мөн онгоц осолдохоосоо өмнө түгшүүрийн дохио төвдөө илгээгээгүй нь нисгэгчдийн бүхээгт гаднын хүн нэвтрээгүй гэж үзэх үндэслэл болж буйг Хятадын эрх баригчид тухайн үед мэдээлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *