Categories
мэдээ нийгэм

Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn

Өнөөдөр /2022.05.17/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улмаар гишүүдийн 100 хувийн саналаар тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуу, хариулт авав.

УИХ‑ын гишүүн Б.Жаргалмаа: Одоо мөрдөгдөж байгаа Донорын тухай хуульд донор болох нас 25 гэж байгааг 21 болгох заалт оруулж ирж байгаа юм байна. Мөн цусан төрлийн хамаатан донор болно гэдэг заалт бий. Харин хуулийн өөрчлөлтөөр цусан төрөл биш хэн нэгэн сайн дурын үндсэн дээр донор болж болох уу.

Түүнчлэн гадагш гарах валютын урсгалыг тогтоох боломж хэр байгаа вэ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 25 нас хүрсэн, цусан төрлийн хүн донор болж болно. Энэ зохицуулалтын гол зорилго нь эд, эрхтний наймаанаас сэргийлж байгаа явдал юм. “Эд, эрхтнээ өгвөл оронд нь байр өгнө” гэдэг ч юм уу амлалтаар дамжуулан хэн нэгний эрхтнийг авч байна уу үгүй юу гэдгээс сэргийлэх ёстой.

Ашиг хонжооны төлөө бус цэвэр хайр энэрлийн үүднээс эд, эрхтнээ өгдөг байхгүй бол хагалгаа хийгээд амжилттай болсны дараа эрхтэн авсан хүнээ дарамтлах эрсдэл бий.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Навчаа: 2021 оны есдүгээр сараар 2022 оны гуравдугаар сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа явсан нийт 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдэхэд 7.5 тэрбум төгрөг гадаадад зарцуулсан байна. Энэ дунд чөмөг шилжүүлэх суулгах – 3 хүн, элэг шилжүүлэх суулгах – 11 хүн явснаас тэдгээр хүмүүсийн гаргасан зардлын таван хувьд буюу 371 сая төгрөгийг олгох шийдвэр энэ долоо хоногт гаргаж байна. Гэтэл улсын төсвөөс энэ чиглэлд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаа.

Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гадагшаа явах урсгалд нэмэр болно гэж үзэж байгаа.

Монголд 21-25 насныхан харьцангуй эрүүл бүлгийнхэн байдаг. Хэлэхэд таагүй байгаа ч донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хүүхдүүдийн хорт хавдрыг дотооддоо эмчлэх боломж хэр байгаа вэ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хүүхдийн хорт хавдар жилд 130 орчим тохиолддог. Үүнээс 30 орчим хувь нь буюу 60-аад хүүхэд цусны хорт хавдраар оншлогддог. Тэдгээр хүүхдүүдийн ихэнхэд химийн эмчилгээ тохирдог. Харин 60 орчим хүүхдийн 5-6-гийнх нь хавдар эмээр эмчлэгддэггүй учир заавал үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд тухайн хүүхэд ойрын хамаатнуудаасаа үүдэл эс авч суулгуулах ёстой. Энэ эмчилгээг одоо Монгол хийх боломжтой болсон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *