Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсыг NATO-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ нь Швед болон Финланд улс Туркийн зүүн бүс дэх курдүүдтэй харилцаатай байдагтай холбоотой аж. Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсын терроризмын талаарх байр суурь тодорхойгүй байгааг тодотгожээ. Түүнчлэн Турк улсын эсрэг хориг тавьсан орнуудыг NATO-д элсэхийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны мэдэгдэл ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж буй энэ үед цэргийн эвслийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөнд саад учруулж байгаа аж.
Дашрамд дурдахад: NATO-д шинэ гишүүн элсүүлэхийн тулд бүх 30 улс зөвшилцөх ёстой байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Шинээр гишүүнээр элсэж байгаа Финланд, Швед гээд эвсэл өргөжиж байгаа асуудлын тухайд бол ОХУ эдгээр орнуудтай ямар нэг асуудал байхгүй гэдгийг сануулмаар байна. Байхгүй. Энэ утгаараа эдгээр орнууд гишүүнчлэлтэй болсноор ОХУ-д ямар нэг шууд аюул заналхийлэл үүсэхгүй гэсэн үг. Гэхдээ тухайн нутаг дэвсгэр дэх цэргийн дэд бүтцийг өргөжүүлэх нь хариу арга хэмжээ авах шаардлагыг бидэнд бий болгох нь ойлгомжтой. Ямар аюул заналхийлэл бий болохоос шалтгаалан бид ямар хариу үйлдэл үзүүлэхээ тодорхойлох болно” гэж мэдэгдлээ.
Пентагоны Хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Хэд хэдэн зүйлийг санаж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт НАТО бол батлан хамгаалахын холбоо, бусад улс орнууд руу аюул занал учруулдаггүй, учруулж ч байгаагүй. ОХУ ч үүнд багтана. Хоёрдугаарт НАТО-д аливаа улс элсэх асуудлаар вето тавихад Владимир Путин эсвэл аль нэг гуравдагч тал нөлөөлөхгүй. Шийдвэр нь нөгөө улс болон НАТО-гийн гишүүн орнуудын л асуудал. Дахин хэлэхэд олон үе шаттай. Гуравдугаарт бид хэн нь жинхэнэ түрэмгийлэгч вэ, хэний үйлдэл энэ хоёр улсыг НАТО-д элсэхийг хүсэхэд хүргэж байгаа вэ гэдгийг эргэн санах хэрэгтэй.
Ноён Владимир Путин болон ОХУ өөрөө шүү дээ. Тэд Украиныг эзлэх шийдвэр гаргасан. Бас л хэнд ч аюул занал учруулаагүй улс. Тэд л олон зуун мянган цэрэг, зуун мянга гаруй цэргээ оруулах шийдвэр гаргасан. Тэд л хэрцгий балмад дайн хийж байна. Владимир Путин зөв шийдвэр гаргаснаар энэ бүхнийг зогсоох боломжтой” гэж мэдэгдэв.