Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тус хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Харин тус сангийн зарлага нь 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.3 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар өссөн.

Өрхийн орлого, зарлагын 2022 оны нэгдүгээр улирлын мэдээг авч үзвэл, үнийн өртгийг арилган тооцсон бодит мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78 мянган төгрөг буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 16.6 хувиар өсөхөд өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжсэн нь нөлөөлсөн байна.

Өрхийн зарлагын хувьд сүүлийн таван улирал дараалан буурч байсан бол 2022 оны нэгдүгээр улиралд өмнөх онтой харьцуулахад өссөн. Бодит зарлага 37 мянга буюу 3.5 хувиар өсөөд байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийн тоон мэдээллийг танилцуулъя. Ажиллагчдын тоо 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 73.6 мянгаар өссөн. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь болж, өмнөх онтой харьцуулахад гурван нэгжээр өсөөд байна.

Ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

Цалин хөлсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *