УИХ 2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг байна. Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 өнөөдөр /2022.05.16/ таарч байгаа ч бүх нийтээр амрахгүй, харин зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна гэж Гандантэгчинлэн хийд болон бусад албаныхан мэдэгдээд буй.
Яагаад Бурхан багшийн мэндэлсэн өдрийг өнөөдөр тэмдэглэхгүй, зургадугаар сарын 14-нд тэмдэглэж байгаа учир шалтгааныг “Дашчойлон” хийдийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ч.Бямбажаргалаас энэ асуудлыг тодрууллаа.
Тэрээр “Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж хуульчилсан. Хэдийгээр өнөөдөр битүү сар гарч буй ч Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэхгүй.
Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог юм. Иймд гурваас дөрвөн жилд нэг удаа гардаг илүү сар гаргадаг нь өнөөдөр гарч байна. Илүү сартай жилүүдэд өнөөдрийнх шиг битүү сарыг дараагийн буюу удаах битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж заасан байдаг. Удаах битүү сар зургадугаар сарын 14-ны өдөр тохионо” гэлээ.