Categories
гадаад мэдээ

Украины дайны явцыг дүгнэн хэлэлцэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд Оросын арми Донбасс дахь байлдааны гол бүсэд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй бөгөөд харин Украины зэвсэгт хүчний довтолгоо Харьковын ойролцоо тэднийг бараг өөрийнх нь хилд тултал ухраагаад байгаа билээ. Тэгвэл Оросын удирдлага цаашид ямар арга хэмжээ авах, дайны ямар хувилбар байж болох талаар цэргийн хоёр тэргүүлэх мэргэжилтэн АНУ-ын Тэнгисийн цэргийн шинжилгээний төв (CNA) -ийн судалгааны хөтөлбөрийн дарга Майкл Кофман болон Филадельфийн Гадаад бодлогын судалгааны хүрээлэн (FPRI)-гийн ахлах ажилтан Роберт Ли нар хэрхэн дүгнэн хэлэлцсэнийг энэ сарын 13-нд “DW”-д нийтэлснийг сонирхуулъя.

“Оросын арми өнөөдөр явуулж байгаа шигээ Украины Северодонецк мужийн нутаг дэвсгэрт бага хэмжээний довтолгоо хийж, их хэмжээний хохирол амссаар байх аваас удахгүй довтлох ямар ч чадваргүй болох аюултай тулахаас өөр аргагүй болно” гэж Роб Ли хэлэв. Үүнтэй холбогдуулан тэрээр Оросын арми Северодонецкийн голыг хэдэн өдөр дараалан хөвдөг гүүрээр, яг нэг газраар гатлах оролдлогоо олон давтан хийж, уг гарам дээр өөрсдийн 76 танк, хуягтаа украинчуудаар устгуулаад байгааг жишээ болгон авав. Харин энд амиа алдсан Оросын цэргийн тоо одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Оросын арми Донбасст Украины хамгаалалтын шугамыг хэд хэдэн хэсэгт хуваан тасалж устгах гэсэн төлөвлөгөө нь бүтэлгүйтээд байгааг Майкл Кофман дурдав. “Иймээс Оросын арми Изюмийн ойролцоо бус Северодонецк руу цэргийн зарим хүчээ шилжүүлэх гэж Северодонецкийн голыг гатлах оролдлого хийж байгаа юм” гэж Кофман тэмдэглэв.

Оросууд Донбасст дайралтаа үргэлжлүүлж Украины шинэ газар нутгийг эзэлж авсан ч энэ нь ямар ч үр дүнгүй зүйл болно гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Оросын армийн бие бүрэлдэхүүнд хийсэн үнэлгээ, судалгааг үндэслэн энэ довтолгоо Оросын цэргийн сүүлчийн нөөцийг Донбасс дахь ажиллагаанд дуусгаж байна гэсэн дүгнэлтийг Кофман хийжээ. Орос Украин руу зайлшгүй дайрна гэж зөв таамаглал дэвшүүлж байсан энэ шинжээч “Оросууд өмнө нь явуулж байсан шигээ өргөн хэмжээгээр халдлагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж би дүгнэж байна. Бас барууны бусад шинжээчид, ялангуяа Дайн, тулалдаан судлалын хүрээлэн (ISW)-гийн шинжээчид Оросын армийн Украины цэргийн гол хүчийг Изюм-Славянск-Дебальцевын шугамын дагуу бүслэн бут цохих гэсэн гол төлөвлөгөө нь ямар ч боломжгүй болсон гэж дүгнээд байна” гэж хэлэв.

Оросын армийн нэг гол хүнд асуудал бол боловсон хүчний хомсдол гэж Кофман, Ли нар үзсэн байна. “Тэдний одоо байлдаанд бэлэн байгаа ангиудын 75-80 хувь нь аль хэдийнэ дайнд оролцон их хохирол амсан “зүрх нь үхчихсэн”, харин дайнд оролцоогүй нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжгүй 20-25 хувь байна” гэж Ли нэмж хэлэв. Хэрэв өмнө нь Украины эсрэг цэргийн ажиллагаанд оролцсон Оросын армийн довтолгооныг мэргэжлийн байлдааны тактикийн батальон (БТБ)-ууд гүйцэтгэдэг байсан бол эдгээр нь өнөөдөр дайнд үрэгдсэн цэргүүдийнхээ орон тоог нөхөж чадахгүй болсон, нөхсөн ч ямар ч чадваргүй цэргүүд ирж байгаагаас Оросын армийн өнөөдрийн БТБ-уудыг мэргэшсэн байлдааны тактикийн батальон гэх боломжгүй болчихоод байна. Оросын армийн өнөөдрийн БТБ-ууд бол зүгээр л хоосон тоо гэсэн үг. Иймээс Путин Оросын цэргийн нөөцийг Таджикистан, Абхаз, Сириэс нөхөх гэж оролдож буй мэдээг Кофман, Ли нар хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Оросын хувьд өөрт нь маш эмзэг эдгээр цэгүүдээс цэргээ Украин руу татаж байгаа нь Оросын арми бүрэн сульдсаны нэг том баталгаа гэнэ. Боловсон хүчний асуудлаас гадна Оросын арми зэвсгийн нөөц ялангуяа нарийн ончтой пуужингаа шавхаж дуусч байна. “Хэр олон байгааг хэлэхэд хэцүү, гэхдээ маш цөөхөн үлдсэн нь тодорхой байна” гэж Роб Ли үзэж байна. Коффман харин үүнд санал нийлээгүй байна. “Тийм ээ, Орос олон тооны танк, хуягт техникээ алдсан. Гэхдээ сумны нөөцийг тооцоолоход илүү хэцүү байдаг. Магадгүй хүмүүс оросууд эхлээд хуучин пуужингуудаа хөөргөж байгааг анзаараагүй байж магадгүй. Иймээс тэдний нөөц шавхагдаж байна гэж дүгнэсэн байх. Орос пуужингийн нөөц хангалттай байх магадлалтай” гэж Майкл Кофман нэмж тайлбарлав.

“Орос улсад энэ янзаараа тулалдсаар дуусах, энэ тактикаа өөрчлөх, эсвэл бууж өгөх гэсэн аль аль нь тэдэнд таагүй гурван сонголт үлдээд байна” гэж Роб Ли үзэж байгаа бөгөөд “Путин зөвхөн дайн зарлаж бүх нийтийн цэргийн дайчилгаа явуулж байж л одоо байгаа тактикаа өөрчлөх боломжтой” гэж хэлсэн байна. Путинд “Хүчний эргэлт хийхээс өөр арга үлдээгүй” гэж тэр хэлэв. Харин Орос улс өөрийн түүхийн туршид яг өнөөдрийнх шиг нэг янзаар дайн хийж ирсэн уламжлалтай тул хүчээ өөрчилж чадахгүй байсаар энэ дайнд ялагдана гэдэгт Кофман итгэлтэй байна. “Миний гол дүгнэлт бол Путин өөртөө таагүй шийдвэр гаргах хэрэгтэй болно” гэж тэр хэлэв. Тэрээр ерөнхий дайчилгааны хувилбарыг бодитой бус, магадлал багатай гэж үзэн, Оросын удирдлагын өнөөгийн үйл ажиллагаа болон цэргийн боловсон хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа арга хэмжээнүүд нь “ямар ч үр дүнгүй хагас, хугас оролдлогууд” буюу өөрсдийгөө хуурч буй явдал гэж тэр тайлбарлав.

Украин дахь Оросын армийн байр суурь өдөр өнгөрөх бүр улам дордож байна гэж Кофман үзэж байна. “Эхний дөрвөн өдөрт, цаад тал нь эхний арав хоногт оросууд ялах ёстой байсан. Үүнийгээ биелүүлж чадаагүйгээс өдөр өдрөөр мөхөл рүүгээ ойртох хувилбарт шилжин орсон. Тэдэнд анх дайрсан цэргүүдийнх нь ард өөр нэмэлт хүч байгаагүй” гэж тэр дүгнэн хэлэв.

Өнгөрсөн гуравдугаар сарын дунд үе хүртэл өөрсдийн шаардлагаар энхийн гэрээ байгуулах боломж оросуудад байсан гэж Ли хэлэв. “Оросын тал өөрийн шаардлагын дор хаяж нэг хэсгийг нь украинчуудаар зөвшөөрүүлж энэ мөргөлдөөнөөс гарах боломжтой байсан. Тэд энэ боломжоо ашиглаж чадалгүй алдсан. Одоо байдал оросуудад хамаагүй муугаар эргээд байна. Оросыг ямар нэгэн амжилтад хүрч чадна гэж би бодохгүй байна” гэж Роб Ли хэлжээ. Гэхдээ оросууд том хэмжээний довтолгоон хийх боломжгүй болох ч хамгаалах, тактикийн довтолгоон хийх чадвартай үлдэнэ. Оросууд маш их хохирол хүлээх ч Украины тал ч багагүй хохирол хүлээнэ. Түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн гадаадын сайн дурынхан бас барууны улсуудын орчин үеийн техник хэрэгсэл украинчуудад түрэмгийлэгчдийг ялах таатай боломж бий болгоно гэдэгт шинжээчид санал нэгтэй байв.

Эцэст нь нэмж хэлэхэд, Оросын арми өнөөдөр 150 байлдааны тактикийн батальон бүрдүүлээд байна. Цэргийн шинжээчдийн Оросын армийн өнөөдрийн БТБ-ууд бол зүгээр л хоосон тоо гэдэг ч энэ бол яах аргагүй их хүч. Хамгийн гол нь эдгээр их хүч буюу байлдааны тактикийн батальонууд маш нарийхан газраар дайрах болчихоод байгаа юм. Энэ нь 300 спартанчууд хар мянган персийн цэргийг ганц нарийн гарцтай даваан дээр тогтоон барьж байсан шиг украинчуудад маш ашигтай нөхцөл болно. Тэгээд ч энэ довтолгоон Оросын сүүлчийн том дайралт болох бөгөөд үр дүнд нь дайнд эргэлт гарч украинчууд эх нутгаа чөлөөлж эхэлнэ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *