Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцдог.
Тухайлбал өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний БИЦУГ цэргийн алба хаагч болон нэгж техникээ оролцуулан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын төгсгөл хэсэг буюу 173,3 км-226,3 км хүртэлх нийт 53 км замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 3 ангийн алба хаагчид хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа аж. Доод бүтцийн ажилд далан байгуулах, хөрсийг зохих нягтад хүргэх, гүүр хоолой байгуулах зэрэг ажлууд багтаж байгаа юм байна.
Тус бүтээн байгуулалтын ажилтай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцаж ажлын үйл явц түргэн шуурхай, чанартай явагдаж дуусах шатандаа орж байгаад салбарын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаа гэдгээ онцолжээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсийг Хангимандалын боомтоор экспортлох, экспорт, импортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Төр хувийн хэвшлийн нийт 58 байгууллагын 3000 гаруй хүн ажиллаж байгаа юм.