Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт шөнө гарсан түймрийг цурманд оруулжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Бага сориг гэдэг газарт ой хээрийн түймэр өчигдөр шөнө гарчээ. Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 22:42 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Цагааннуур сумын Засаг даргын тамгийн газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гарч 03:40 цагт очиж, ойн түймрийг 05:30 цагт цурманд оруулсан байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд онцгой байдлын алба хаагчдаас гадна нутгийн иргэд сайн дураар ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд он гарснаас хойш Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Гал түймрийн улмаас ойн 101 га, хээрийн 889892 га, нийт 889993 га талбай өртсөн байна. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцвол нийт 368.3 сая төгрөг. Үүний дийлэнх нь буюу байгаль экологид 357.2 сая төгрөгийн хохирол учирсан бол түймэр унтраахад 8.7 сая төгрөгийн зардал гарсан байна. Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өсчээ.

Иймд иргэд татсан тамхи, асаасан гал цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий нүх, саванд хийхийг албаны хүмүүс зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *