Categories
мэдээ үндэсний-бөx

Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 2022 оны тавдугаар сарын есний өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг МҮБХ-ноос танилцууллаа. Уг дүрмийн 4.2, 7.3-ын “н”, 8.2-ын “в” заалтуудыг шинээр мөрдөж хэрэгжүүлнэ. Мөн 7.2-ын “б” заалтын дагуу өмсгөлийн хэм хэмжээг шалгаж буй болно гэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ

Монгол түмний уламжлалт дэлгэр дүүрэн эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан юм. Монгол үндэсний бөхийн барилдааныг энэхүү дүрмийг баримтлан явуулна.

Бөхийн барилдааныг шат шатны үндэсний бөхийн холбоо /ҮБХ/-ноос томилсон жаяг дэгийн баг хариуцан явуулах бөгөөд жаяг дэгийн баг нь хөлийн цэц /ерөнхий цэц, цэцүүд/, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, зохион байгуулагчаас бүрдэнэ. Жаяг дэгийн багийг ерөнхий цэц удирдан ажиллана. Уламжлал, ёс горим, дүрмээ судлан мэдэх, чандлан биелүүлэх нь үндэсний бөхийн холбоод, бөх, жаяг дэгийн багийн ариун үүрэг мөн.

Нэгдүгээр бүлэг. Бөхийн барилдааны зохион байгуулалт

1.1. Барилдааны хэлбэр

а) Бөхчилсөн

б) Тойргийн

в) Бусад хэлбэрийн

1.2. Барилдааны ангилал

а) Хөвгүүдийн (16-аас доош насны)

б) Залуучуудын (17-18 насны)

в) Хүчит бөхийн

г) Ахмад бөхийн (51-ээс дээш насны)

Хоёрдугаар бүлэг. Бөхийг оноох, амлах ёсон

2.1 Аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 4-ийн даваанд цол, амжилтын эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд цол, амжилтын эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана.

2.2 Ижил цолтой бөхчүүдээс тухайн давааг олон давсан нь эхэлж амлах ба энэ нөхцөл тэнцвэл дүү давааг олон давсан нь түрүүлж амлана. Энэ жишгээр начин цолны босго даваа хүртэл тооцоход амжилт нь адил байвал түрүүлж одоогийн цолоо хүртсэн нь амлана. Энэ нөхцөл тэнцүү бол дүү цолуудыг хүртсэн хугацааг дэс дараалан харгалзана.

2.3 Нэг өдөр, адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь эхэлж амлана. Энэ нөхцөл тэнцэх буюу өмнө нь цолгүй байсан бол оноолтод бичигдсэн дарааллаараа эхэлж ам авна. Энэ аргачлалаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож, дарааллыг тогтооно.

2.4 Бөх сондгойрвол хамгийн ахлах цол эрэмбэтой бөхөөс эхлэн гоц мөргүүлнэ.

2.5 Бөхчлөхөөс бусад хэлбэрийн барилдаанд тухайн барилдааныг явуулах зааврын дагуу оноолт хийнэ.

2.6 Улсын наадам, улсын цолтон оролцсон бусад барилдаанд аймаг, цэргийн цолтой бөх ам авахгүй. Мөн аймгийн наадам, бүх цэргийн наадам болон аймаг, цэргийн цолтон оролцсон барилдаанд сумын цолтон ам авахгүй. Харин аймаг, цэргийн цолтны барилдааны ам авах даваанд аймаг, цэргийн цолтой бөх үлдээгүй бол сумын цолтнууд эрэмбээрээ ам авна.

Гуравдугаар бүлэг. Бөхийн гараа

3.1 Тухайн барилдаанд барилдах бөх зохих асартаа очиж зодоглоно. Танхимын барилдаанд урьдчилан зодоглосон байна.

3.2 Бөх цол, амжилтын эрэмбэ болон оноолт амлалтын дарааллаар асраас гарч өрж зогсон, гуяа гурав алгадан ёс үйлдээд засуул руугаа дэвж очно. Зүүн талын магнайд хамгийн ахлах цол, эрэмбэтэй бөх, барууны магнайд удаах цол, эрэмбэтэй бөх гарах ба бусад бөх цол, амжилтынхаа эрэмбээр зүүн баруун жигүүрт солбин гарна. Ам бөхчүүд угтуул бөхчүүдийн араас аманд очих дарааллаараа гарна.

3.3 Зүүн талд гарсан бөх засуулынхаа зүүн мөрөн дээр, баруун талд гарсан бөх засуулынхаа баруун мөрөн дээр дарж, мөр солихгүйгээр засуулаа хагас тойрон өөрийн сүр жавхланг үзүүлэн халин дэлнэ.

3.4 Засуул нь бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр аван, “тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн нэр, алдар цолыг уянгалуулан дуудаж бөхөө тавихад бөх туг, сүлд, индрийн зүг дэвж очин шаваад ахлах цол, эрэмбэтэй бөхийн сонгосон талбайд барилдахаар очно.

Дөрөвдүгээр бүлэг. Бөхийн барилдаан

4.1 Хоёр бөх барилдахаар бие бие рүүгээ харан өрснөөр барилдаан эхлэх ба энэ үеэс цаг тооцно.

4.2 Их бие давамгай буюу бүтэн бие дээр байх үед уг бөхийг давуулна. Сунаж ойролцоо унавал хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардсаныг унасанд тооцно.

4.3 Барилдааны явцад бөхийг тавилцуулах шаардлага гарвал засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн “тавилц” хэмээн тодоор хэлж барилдааныг зогсоох ба барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ тавилцах үеийн барьц, байрлалыг хангана. Харин хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулах шаардлагагүй.

4.4 Бөхийг дараах нөхцөлд дахин барилдуулна. Үүнд:

а) хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах буюу тасарвал, (унаж буй бөх хаяж байгаа байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсанд энэ заалт хамаарахгүй)

б) учраагаа ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал,

в) хайнцвал,

г) гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагавал,

д) гутлын өлмий дээр гишгэж унагавал

е) засуул барилдааныг түр зогсоох үед мөн учраагаа өмсгөлөө засаж байхад болон удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагавал тус тус дахин барилдуулна.

Харин барьц булаацалдан барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.

4.5 Хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараах байдлаар тогтооно. Үүнд:

1,2,3,4-ийн даваа 15 минут

5-10-ын даваа 20 минут тус тус байна.

4.6 Барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоон, хөлийн цэц шодож дараах барьцыг хоёр бөх ээлжлэн барьж барилдана. Үүнд:

а) Сэнжигдэн элэг бүсдэх

б) Дан золгох

в) Давхар золгох

Харин хоёр бөх санал нийлсэн тохиолдолд дээрх гурван барьцыг дараалахгүйгээр аль нэгийг сонгон барилдаж болно.

4.7. Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно.

4.8 Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 3 минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасаж, эмчилгээтэй бөхийг давсанд тооцно.

4.9 Маргаантай барилдааны шүүлтэд тухайн барилдааныг албан ёсны эрхтэйгээр дамжуулж буй телевизийн камерын бичлэгийг ашиглана..

Тавдугаар бүлэг. Барилдааны дараах ёсон

5.1 Давсан бөх давснаа илэрхийлэн сүлд, туг, индэрийн зүг дэвж ёслол үйлдээд нар зөв эргэн ирнэ.

5.2 Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч дүү цол, эрэмбэтэй бөх нь уламжлалын дагуу ахлах цол, эрэмбэтэй бөхийнхөө баруун суган доогуур бөхийсхийн нар зөв тойрон гарч хоёр бөх тахим өгөх авах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдэнэ. Залуу бөхчүүдийн унасан нь давсныхаа баруун суган доогуур дээрхийн адил тойрч тахим өгнө.

5.3 Засуул давсан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэй өмсгөн бөхийнхөө цол, чимэг, нэрийг дуудан, давсныг үзэгчдэд дуулдахаар хэлэхэд бөх сүлд, тугийг нар зөв тойрон дэвж, өмнө нь ирээд нар зөв эргэн өөрийн талын асар /суудал/-т элэг бүсээ тайлахгүйгээр гүйж очно.

5.4 Тахим өгч авсны дараа унасан бөхийн малгайг засуул гарт нь өгнө.

5.5 Тухайн даваанд гоц мөргөсөн бөх засуул дээрээс гарч давсан бөхийн ёслол үйлдэнэ.

Зургаадугаар бүлэг. Бөхийг цоллох ёсон

6.1 Наадмын барилдааны гурав, тав, долоогийн даваанд зүүн, баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхчүүдийн цолыг тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин тухайн бөхийн өөрийн нь цол, чимгийг хэлж дуудна. Наадмаас бусад барилдааны гурвын даваанд цол дуудаж болно.

6.2 Нийтлэг гуншин нь “Манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт, өргөн их цолоо дуудуулагч, өнө удаан жилийн баясгалант, олон түмэн ардынхаа дундаас онцгойрон шалгарч, шандас шөрмөс, хүч чадал бүрдэн төрсөн, цог залийг бадруулагч, энэ их баяр цэнгэлийн түгээмэл жавхланг бүрдүүлсэн” болно.

6.3 Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэлэхээс урьтан аль ч талын бөх дэлэхгүй бөгөөд ам бөхийн нэрийг дуудах үед амласан амлуулсан хоёр бөхөөс бусад бөх дэлэлтээ түр зогсооно.

6.4 Хоёр тал цоллож дуусмагц бөхөө тавих бөгөөд засуул нь бөхийнхөө хойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудан дагаж явна.

6.5 Аливаа наадам, барилдааны түрүү үзүүрийн хоёр бөхийг барилдахаар гарахад хоёр талын бүх засуул магнайн засуулын араас ханаран хагас суусан байдалтай үлдэж, хүндэтгэл үйлдэнэ.

Долоодугаар бүлэг. Бөх

7.1 Бөхийн эрх.

Бөх нь дараах эрх эдэлнэ. Үүнд:

а) үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдах, бөх засах,

б) дүрэмд заасан даваанаас эхлэн цол, амжилтынхаа эрэмбээр ам авах,

в) барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх,

г) зодог тайлах ёслолыг уламжлалын дагуу үйлдэх,

7.2 Бөхийн үүрэг.

Бөх нь дараах үүрэг хүлээнэ.

а) бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх,

б) малгай, зодог, шуудаг, гутлаа бөхийн өмсгөлийн шаардлагад нийцүүлэн хийж хэрэглэх,

в) аливаа наадам, барилдаанд барилдахдаа өөрийн биеэр ирж, цолны үнэмлэхээр бүртгүүлэх ба барилдаан эхлэхэд жагсан гарч, үзэгч олноо хүндэтгэх,

г) барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэн, барилдааны талбарт даруу төлөв, ёс жудагтай байх,

д) наадамчин, үзэгч олон түмэнтэй соёлч боловсон харилцаж, хүндэтгэлтэй хандах,

е) барилдааны шуурхай байдлыг ханган, дайчин шалмаг барилдах,

7.3 Бөхийн цээр, зэм шийтгэл

Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.

а) Хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:

– шуудагнаас цавчиж удаан барих,

– элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,

– зодогны ар өврийн сэнжгийг нийлүүлэн атгах,

– гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,

– зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих,

Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.

б) Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:

– цохиж халах (даллан цохих, шуугаар халах),

– хоолой шахах,

– зориуд мөргөх,

– ямар нэг байдлаар алгадах, цохих,

– өшиглөх, тийрэх,

– унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх,

– өвдөглөн барьц тавиулах,

– хоёр гарыг давхар хөших,

– сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,

– бусад хэлбэрээр үений эсрэг хөших.

Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёр дахиа зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай мөрийг олгохгүйгээр барилдаанаас хасаж, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.

в) Учраа бөхөө санаатайгаар гэмтээхийг цээрлэнэ.

Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасаж бай шагналыг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна.

г) Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй.

д) Аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчин, бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг тухайн барилдаанд барилдуулахгүй.

е) Нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ.

ж) Бөхийн өмсгөлийн шаардлагыг зөрчих, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уяхыг цээрлэнэ.

Энэ заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлбэл хөлийн цэц барилдаанаас хасна.

з) Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчвөл түүнд учраа бөхтэйгөө гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлбэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.

и) хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай мөрийг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.

л) хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахыг цээрлэнэ.

Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүрмөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна.

н) барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчсөн бөхийг эхний удаад талбайн гол төв хэсэгт оруулж барилдуулна. Хоёр дахь удаа давтагдвал сануулна. Гурав дахиа давтагдвал уг бөхийг унасанд тооцон хасаж, бай мөрийг олгохгүй.

о) допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна. Хэрэв эрх хасуулсан хугацаанд ямар нэг төрлийн барилдаанд барилдсан тохиолдолд тухайн барилдаанд оролцсон өдрөөс хойш шийтгэлийг шинээр тооцно. Допинг илэрсэн бөхийг дөчин сая төгрөгөөр торгож, торгуулийн мөнгийг МҮБХ-ны дэргэдэх допингийн эсрэг санд төвлөрүүлэх бөгөөд тус мөнгийг допингийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулна. Допингийн шинжилгээ авах болон хөндлөнгийн хяналтад бөхийн дэвжээдийг татан оролцуулна.

ө) гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ.

Энэ цээрийг зөрчин, баривчлах ба хорих ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлтэй байх хугацаанд нь түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй.

Наймдугаар бүлэг. Хөлийн цэц

Хөлийн цэцээр цэгц шударга шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөхчүүд, дээрх шаардлагыг хангасан жаяг дэгийн багийн гишүүдээс улс, аймаг, цэрэг, сумын наадам болон бусад барилдаануудад томилон ажиллуулна.

8.1 Хөлийн цэцийн эрх

Хөлийн цэц нь дараах эрх эдэлнэ.

а) бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах,

б) цээрээ зөрчсөн бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу зэм шийтгэл хүлээлгэх

в) ам авах бөх хугацаандаа ирээгүй буюу бэлэн байгаагүй бол түүнийг таван минут хүлээгээд дараагийн бөхөөр ам авхуулах зөвшөөрлийг ерөнхий цэц ахлах гарын даад олгох,

г) энэ дүрэмд заасан бусад эрхийг эдлэх.

8.2 Хөлийн цэцийн үүрэг

Хөлийн цэц дараах үүрэг хүлээнэ.

а) барилдааныг явуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх,

б) үүргээ биелүүлэх, цээрээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах,

в) будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр болон тухайн барилдааныг албан ёсны эрхтэйгээр дамжуулж буй телевизийн камерын бичлэгийг ашиглан хэлэлцэж, шуурхай шийдвэрлэн, гаргасан шийдвэрээ тухайн үед нь олон түмэнд мэдээлэх,

г) бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авхуулах,

д) барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаар саналаа удирдах байгууллагадаа албан ёсоор гаргаж өгөх,

е) ерөнхий цэц жаяг дэгийн баг дахь эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах үүрэгтэй.

8.3. Хөлийн цэцийн цээр, зэм шийтгэл

Хөлийн цэц нь дараах зүйлийг цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зохих зэм шийтгэл хүлээнэ.

а) аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргахыг цээрлэнэ.

б) асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээхийг цээрлэнэ.

Дээрх цээрийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хөлийн цэц хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид хөлийн цэц хийх эрхийг 3-5 жилээр хасна. Харин ерөнхий цэц дээрх цээрүүдийг зөрчвөл түүнийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, сануулах, цэц хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон эрхийг 3-5 жилээр хасах шийтгэл оногдуулна.

Есдүгээр бүлэг. Засуул

Засуул нь улсын тонж манлай засуул, улсын манлай засуул, улсын ахлах засуул, улсын засуул, улсын дэд засуул, аймгийн ахлах засуул, аймгийн засуул, аймгийн дэд засуул гэсэн зэрэг дэвтэй байна. Цол дууддаг засуул нь улс (аймаг, сум)-ын “бөх цоллогч” цол, “хүндэт засуул” өргөмжлөлт нэрийг шат шатны үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр олгоно.

9.1. Засуулын эрх

Засуул нь дараах эрхийг эдэлнэ.

а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй засуул улс (аймаг, сум)-ын наадам болон бусад барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах,

б) бөхийн өмсгөл шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэн шийдвэрлүүлэх,

в) дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах,

г) үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх /эхний саналыг цэц тухайн бөхөд мэдэгдэнэ. Хоёр дахь удаагийн саналаар шууд хасна/

9.2. Засуулын үүрэг

Засуул нь дараах үүргийг хүлээнэ.

а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга, эрэмгий ажиллах,

б) бөхийн цолыг энэхүү дүрмийн дагуу зөв дууддаг байх

в) бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засаж буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх,

г) барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, элдэв будлиан маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх.

9.3. Засуулын цээр, зэм шийтгэл

Засуул нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.

а) барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших,

б) танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах,

в) будилаан маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх,

г) дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах,

д) бөхчүүдэд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харилцах,

е) дүрэмд заасан хувцсыг өмсөхгүй байх,

ж) өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус тус цээрлэнэ.

Дээрх цээрийг зөрчсөн засуулд ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах, шийтгэл хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, засуул хийх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг 3-5 жилээр хасах шийтгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна.

9.4 Засуулын хувцас

а) Засуулын хувцас нь бусдаас ялгарах загвар хийцтэй байх бөгөөд түүнийг тусгай журмаар батална.

б) Засуул нь хувцсаа батлагдсан загварын дагуу биеийн галбиртаа тохируулан, хийлгэж өмсөнө.

Аравдугаар бүлэг. Гарын даа

Гарын даа нь улсын тэргүүн гарын даа, улсын ахлах гарын даа, улсын гарын даа, улсын дэд гарын даа, аймгийн ахлах гарын даа, аймгийн гарын даа, аймгийн дэд гарын даа, сумын гарын даа, сумын дэд гарын даа гэсэн зэрэг дэвтэй байна. Мөн улс, аймаг, сумын гарын даа нар тус бүрдээ ахлагчтай байна.

10.1 Гарын даагийн эрх

Гарын даа нь дараах эрх эдэлнэ.

а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй гарын даа нь улс (аймаг, сум)-ын наадам бусад барилдаанд гарын даа, хаяавчаар ажиллах,

б) барилдааны товлосон цагаас өмнө ирж бүртгүүлэхийг бөхчүүдээс шаардан хэрэгжүүлэх,

в) угтуул бөхийн нэгэнт авсан амыг буцааж солиулахгүй байх,

г) бөхийн цолны үнэмлэхийг шаардлагатай үед үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.

10.2 Гарын даагийн үүрэг

Гарын даа нь дараах үүрэг хүлээнэ.

а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх,

б) барилдааны товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэл, оноолтыг хийх,

в) оноолт хийх, ам авхуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах,

г) ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр, цолоор нь тод хэлж танилцуулах, наадамд энэ үүргийг ахлах гарын даа гүйцэтгэх

д) ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр ерөнхий цэцийн бичгээр өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн дараагийн бөхөөр ам авхуулах ба амлах дарааллаасаа хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авхуулах,

е) бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх,

ж) наадам, барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, үндэсний бөхийн шат шатны холбоодод хүлээлгэн өгөх,

з) гарын даагийн ахлагч нь хаяавч, холбогчийг удирдан ажиллах.

10.3. Гарын даагийн цээр, зэм шийтгэл

Гарын даа, хаяавч нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.

а) бөхийн цол, эрэмбийг санаатайгаар зөрчин оноолт хийх,

б) ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах,

в) ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүтэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах, ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, бөхийн давсан унасан маргаанд оролцох, давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатайгаар нуун дарагдуулахыг тус тус цээрлэнэ.

Дээрх цээрийг зөрчсөн гарын даа, хаяавчид Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах шийтгэл хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, гарын даа, хаяавч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг 3-5 жилээр хасах шийтгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна.

Арваннэгдүгээр бүлэг. Тайлбарлагч

Тайлбарлагч нь улсын гарамгай тайлбарлагч, улсын тэргүүн тайлбарлагч, улсын ахлах тайлбарлагч, улсын тайлбарлагч, улсын дэд тайлбарлагч, аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн тайлбарлагч, аймгийн дэд тайлбарлагч, сумын тайлбарлагч, сумын дэд тайлбарлагч гэсэн зэрэг дэвтэй байна.

11.1. Тайлбарлагчийн эрх

Тайлбарлагч нь дараах эрх эдэлнэ.

а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй тайлбарлагч нь улс (аймаг, сум)-ын наадам, бусад барилдаанд тайлбарлагчаар ажиллах,

б) тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөх тайлбарлахаас татгалзах,

в) барилдааны явцад бөх, засуул, түүнчлэн үзэгчдээс бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчих тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах,

г) зарлаж мэдээлэх зүйл албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв гаргацтай байхыг шаардах,

д) тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах,

е) удирдлага болон ерөнхий цэцийн зөвшөөрөлгүй зүйлийг хэлж зарлах, сурталчлахаас татгалзах.

11.2. Тайлбарлагчийн үүрэг

Тайлбарлагч дараах үүрэг хүлээнэ.

а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж сахин биелүүлэх,

б) улсын радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх,

в) бөхийн нэр алдар, харьяалал, цол чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах,

г) байгууллага, хувь хүнээс зарлаж мэдээлүүлэхээр ирүүлсэн зүйлийг эрх бүхий байгууллага, ажилтны зөвшөөрлийн дагуу мэдээлэх, зарлах,

д) монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлгийн ур чадвараа байнга дээшлүүлж байх,

е) барилдааны явцад МҮБХ-ны болон “Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм” түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар, үндэсний бөхийн холбоодын үйл ажиллагааны талаар болон монгол бөхийн ёс жудгийн тухай үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх,

ж) тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншиж судлан, бэлдсэн байх.

11.3 Тайлбарлагчийн цээр, зэм шийтгэл

Тайлбарлагч нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.

а) барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах,

б) барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд ёжлох, шоглох, дөвийлгөн магтах

в) бөхийн барилдааны талаарх маргаанд оролцох

г) барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах

д) зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд микрофон шилжүүлэхийг тус тус цээрлэнэ.

Дээрх цээрийг зөрчсөн тайлбарлагчид ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах шийтгэл хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, тайлбарлагч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг 3-5 жилээр хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна.

Арванхоёрдугаар бүлэг. Бусад зүйл

12.1 Энэ дүрмийн “наадам” гэдэгт бөхөд цол чимэг олгож буй сум, аймаг, цэрэг, улсын наадмыг ойлгоно.

12.2 Энэ дүрмийн “Тэргүүлэгчдийн хурал” гэдэгт шат шатны (сум, аймаг, улсын) Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлыг ойлгоно.

12.3 Үүрэг, цээрээ зөрчсөн бөх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид зэм шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх Тэргүүлэгчдийн хурал нь тухайн зөрчил гарснаас хойш 21 хоногийн дотор хуралдана.

12.4 Жил бүрийн наадмаас хойш 14 хоногийн дотор шат шатны Үндэсний бөхийн холбоод нь барилдах бөхчүүдийн цол амжилтын эрэмбийг шинэчлэн гаргаж, хэвлэлд нийтлэн баталгаажуулна.

12.5. Наадам барилдаанд ажилласан жаяг дэгийн багийн гишүүдэд ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд бай шагналыг баталсан журмын дагуу олгоно.

12.6. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллуулахгүй.

12.7. Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх зааврыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар батлан гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *