Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” манай улсад болж байна. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцож байгаа юм.
“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлтэй боллоо.
Ёслолд ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн тэргүүн Г.Мягмарсүрэн тэргүүтэй хүндтэй эрхэмүүд хүрэлцэн ирэв. Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нээж, хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлтэд оролцсоноор өөрт байгаа нөөц, боломж, чадвараа нээн илрүүлж улмаар эрч хүчтэй, эрүүл чийрэг байх, гүйлтийг амьдралынхаа хэвшил болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, баяр баясгалан, хүсэл тэмүүллээ олох билээ” хэмээлээ. Энэхүү гүйлт нь манай эх орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчид хүлээн авч, улмаар Хан-Уул дүүрэгт шилжүүлэх бөгөөд цааш Төв аймаг буухиалах юм байна. Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариална.