Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш анх удаа Киевийн эрх баригчид орос цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийг шүүх ажлыг эхлүүлжээ.
Өчигдөр Оросын армийн 21 настай цэргийн алба хаагч Вадим Шишимарины хэргийг шүүх хурлын эхний сонсгол Киев хотод болсон байна.
Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл бүх насаар хоригдох ял сонсох юм.
Украины эрх баригчдын мэдээлснээр Оросын цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлдсэн олон мянган хэргийг шалгаж байгаагаас 41 хэргийг шүүхэд бэлэн болжээ.
Шишимарин нь Украины зүүн хойд бүсийн Сумы хотын ойролцоо өөр нэг цэргийн хамт хулгайлсан автомашинаар зорчиж явахдаа зам дээр дугуйтай явж байсан 62 настай эрэгтэйг буудаж, амийг нь хөнөөсөн юм байна.
Украины армид өөрсдийнх нь байрлалын талаар мэдээлэл өгөхөөс сэргийлэх зорилгоор энгийн иргэнийг буудах тушаалыг Шишимарин өгсөн гэнэ.
Эхний сонсгол сэжигтнээс ерөнхий мэдээлэл аваад өндөрлөсөн байна. Шүүх хурал ирэх долоо хоногт үргэлжлэхээр болжээ.
“Энэ бол анхны хэргийн шүүх хурал. Удахгүй маш олон хэргийг шүүнэ” гэж Украины прокурор Андрий Синик сонсголын дараа сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: BBC