Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 70 жилийн хугацаанд 40-50 сая орчим мал хорогджээ DNN.mn

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж хэм 2.240c-аар нэмэгдэж, ихэнх нутгаар цөлжилт, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, өвс тэжээл хангалттай бэлтгэж чадахгүй байгаатай холбоотойгоор цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдож 40-50 сая орчим мал хорогджээ.

Тиймээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт” сэдэвт сургалт, семинарыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас (ОБЕГ) бусад холбогдох байгууллагатай хамтран энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

зураг

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Цаашид бид хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон эрсдэлийн мэдрэмжтэй төлөвлөлт хийх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг орон нутгийн түвшинд хамтатган төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Бодлого, төлөвлөлт зөв бол үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт сайн байдаг. Иймд бүх шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, оновчтой алсын хараа, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан төлөвлөлт хийх, гамшгийг тэсвэрлэх чадавх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах механизмыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Энэхүү сургалт нь байгаль, эх дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг эрт авч хэрэгжүүлж, тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, малчид, ард иргэдийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, эрсдэлд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: ОБЕГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *