Худалдаанд гарсан даруйдаа олон улсад шуугиан тарьж New York Times-ийн бестселлер бүтээл болсон эмэгтэйчүүдийн бэлгийн боловсролын “Come as you are” ном монгол хэлнээ “Өөрийнхөөрөө дур тавь” нэрээр орчуулагдан гарчээ. Уг бүтээл нь шинжлэх ухааны судалгаанд суурилан маш энгийн хэлбэрээр бичигдсэн тул олон, олон уншигчдын таашаалд нийцэж “Заавал уншвал зохих бэлгийн боловсролын 10 бүтээл”-ийн нэгд ордог аж. Номын гол утга санаа нь “Би хэвийн хүн мөн үү” гэсэн асуултын хариуг өгдгөөрөө онцлог юм. Мөн амьдралд тохиолддог бодит түүхүүд дээр жишээ авч тайлбарлан бичсэн тул уншигчдад таалагдах шалтгаан болсон байна.
Номын зохиогч доктор Эмили Нагоскиг хаана ч явсан эмэгтэйчүүд сексийн талаар асууж, хоолны танхимд дугаарлан зогсож байхдаа хүртэл хэн нэгний бэлэг эрхтний тухай ярилцахад хүрдэг талаар нь ч дурдагдсан бөгөөд түүнийг ТЕД-Х илтгэлээс эхлээд олон сургууль, албан байгууллагын хамт олон урьж илтгэл сонсохыг хүсч байдаг гэнэ.
“Нийгэм, олон нийтээс олж мэдсэн бидний мэдлэг, мэдээллүүд хэр үнэн зөв бэ. Өмнө нь үнэн гэж боддог байсан зүйлүүд уг номыг уншсанаар тэс ондоо байсныг та олж мэдэх болно” гэх номноос “Хэлүү гэж юу вэ” гэсэн асуултаас “Хэрхэн дур тавих вэ” хүртэл номын утга агуулга хөвөрнө.
“Хэлүүтэйгээ танилцах нь өөртэйгөө танилцах явдал юм” гэсэн санаагаар ном эхэлнэ. “Яг одоо толь аваад хэлүүтэйгээ танилц” гэж эмэгтэйчүүдийг уриалсан хэсэг ч гарна. Учир нь олон нийтэд зориулсан зураг, дүрс бичлэгэнд буй эмэгтэй хүний засч янзалсан, хэт цэвэрхэн бэлэг эрхтнийг харуулдгаас болж өөрийнхөө эрхтнийг голж, үүнээс үүдэлтэй зарим нэгний бизнесийн золиосонд эрүүл мэндээрээ хохирох явдал ч тохиодог байна. Үүнтэй холбоотойгоор бэлгийн уруул янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг ч бүгд хэвийн, эрүүл байгаагаараа үзэсгэлэнтэй гэсэн санааг уг номын агуулга илэрхийлдэг. Цаашлаад бэлгийн харилцаанд ороход эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаа болон орчин нөхцөл, сэтгэл санаа нь таашаалд хэрхэн нөлөөлдөг тухай ч маш сонирхолтойгоор тайлбарласан байна.
“Ойр ойрхон сайхан секс хийе гэвэл стрессээ багасгах хэрэгтэй” гэдэг үг танд хэдийнэ шинэ мэдээ байхаа больсон гэж найдаж байна. Ихэнх эмэгтэйчүүдийн сексийн сонирхол стресс, сэтгэл гутрал, түгшүүр зовнилоос болж буурдаг нь хөдөлшгүй баримт билээ. Эдгээр хүчин зүйлс сэрэл хөдлөх, дур тавихад ч мөн саад болдог гэнэ. Харин архаг стресс нь сарын тэмдгийн мөчлөг алдагдах, төрөлт буурах, хөхний сүү багасах шалтгаан болж, үр зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс сексээс таашаал авч, харилцааг илүү тааламжтай болгохын тулд стрессээ удирдаж сурах хэрэгтэй аж. Номон дээр гарсан нэгэн жишээг дурдахад, Оливиа гэх бүсгүй стресстэй үедээ секс хийх дур хүсэл нь нэмэгддэг бол түүний найз залуу Пэтрик хямарсан үедээ ямар ч дур хүсэлгүй болдог. Улирлын эцсийн шалгалт болоход тэд хоёул стресстдэг бөгөөд тэдний дунд ихээхэн зөрчил үүсдэг. Үүнийг хэрхэн даван туулсан тухай ч маш сонирхолтой байдлаар уг ном дээр бичсэн байдаг. Нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь огт дур тавьж үзээгүй бөгөөд яагаад ийм байдгийн учир шалтгааны тухай ч өгүүлнэ. Хүн бүрийн бэлгийн зан төлөв өөр бөгөөд түүнийгээ мэдсэнээр хэрхэн таашаал авч, амьдралаа өөрчлөхөд тань уг ном туслах нь.
Б.ЦЭНГЭЛЭН