Categories
мэдээ нийгэм

Цирктэй ганц сум Өмнөговьд байна DNN.mn

Монголын циркчид циркийн зориулалтын байргүй, спортын ордонд үзүүлбэр үзүүлж байхад Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төв циркийн үзүүлбэрийн танхимтай болчихож. Тус сумын “Үлэмжийн чанар” соёлын төвийн захирал Д.Отгончулуунтай цөөн хором ярилцлаа.


-350 хүний суудалтай сумын соёлын төв ховор шүү. Санхүүжилтийг нь шийдэх хэцүү байв уу?

-Оюу толгой ХХК-ийн Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан болон албан байгууллага, ААН-үүдийн хандив дэмжлэгээр боссон төв байгаа юм. Төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргасан. Манай соёлын төв мэргэжлийн тайз, гэрэлтүүлэг, хөшиг, театрын зориулалтын сандалтай, дуу шингээгч хавтан, мэргэжлийн гэрэлтүүлэгтэй бүжгийн заалтай. Бусад сумдад байхгүй том соёлын төв болоод амжилттай ажиллаж байгаа нь сум болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас авдаг санхүүжилт өндөртэй л холбоотой.

-Хүүхдүүд дугуйлангуудад сурдаг нь олзуурхмаар санагдлаа. Циркийн урлагт дуртай хүүхдүүд циркийн зориулалтын тайзан дээр хичээллэдэг нь бүр таалагдлаа.Циркийн хамтлаг байдаг гэв үү?

-Нийтдээ ная гаруй хүүхэд цирк, морин хуур, бүжиг гээд олон чиглэлийн дугуйланд явж байгаа. Циркийн хамтлагаас гадна бүжиг, морин хуурын хамтлаг ч бий.

-Суманд циркийн дугуйлан хичээллэж байна гэдэг үнэхээр сонирхол татаж байна. Мэргэжлийн багштай юу?

-Энэ жил манай соёлын төвийн 90 жилийн ой болох юм. Соёлын төвийн захирал асан МУСГЗ Ичинхорлоогийн Нарангэрэл сум, аймгийн удирдлагуудад санал тавьж “Циркус Монголиа Хадагаа” байгууллагаас багш урьж ирүүлсэн. Манай циркт одоо гурав дахь үеийн хүүхдүүд хичээллэж байна. “Галба” циркийн дугуйлангийн хувьд циркийн дасгалууд, хосолсон ба ганцаарчилсан агаарын болон газрын үзүүлбэрүүдтэй. Циркийн үзүүлбэр үзүүлэх бүх тоног төхөөрөмж бэлтгэлийн заалаар хангагдсан. Агаарын гимнастикийн техник хэрэгсэл лоунжтай. Гадны ямар ч агаарын гимнастикийн тоглолт ирэхэд бэлэн материалтай гэсэн үг. Ийм тоноглол улсын хэмжээнд манай суманд л бий байх.


Г.Янжмаа: Гурван шавь маань “Нарны цирк”-т тэнцсэн


Ханбогд сумын соёлын төвийн циркийн дугуйлангийн багш циркчин СТА Г.Янжмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Циркчиний мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Ханбогдод ирээд хэр удаж байна?

-Ханбогдод ажиллаж амьдраад арван жил болж байна. Багаасаа циркээр хичээллэж байгаад 1988 онд Раднаабазарын нэрэмжит Циркийн дунд сургууль буюу техникумыг акробатик гимнастикчинаар төгсөж Циркийн багшаар ажилласан. Сүүлд “Циркус Монголиа Хадагаа” циркт ажиллаж байхад Ханбогд сумаас санал тавьж сонгон шалгаруулалтаар ажилд орсон.

-Багшаар ирээд гурав дахь үеийн хүүхдүүдээ төгсгөсөн гэв үү?

-Тэгсэн. Би акробатик гимнастикийн хүн учраас энэ тал руугаа түлхүү хичээл ордог. Үлэмжийн чанар Соёлын төвөөс хагас жилдээ нэг удаа техникийн аюулгүй байдал, ялангуяа агаарын гимнастикийн троссын үзүүлэлт дээр хотоос мэргэжлийн баг хяналтын техникч инженерүүд авчирч үзлэг шалгалт хийлгэдэг. Бэлтгэлд хэрэглэгддэг бүх хангамж бараг хотын циркээс илүү шахуу даа. Авьяаслаг сурагч олонтой, цаашид циркээр явна гэсэн хүүхдүүдээ харахаар баяр төрдөг.

-Шавь нараас тань циркчин болсон хүүхэд бий юү?

-“Нарны цирк”-т Э.Саруул-Эрдэнэ, Д.Мандахбаяр, М.Мөнх-Оргил нар маань шалгуулаад тэнцчихсэн. Б.Бадамгэрэл маань Монгол Улсын Консерватур буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн циркийн танхимд шалгаран суралцаж байна. Гурван шавь маань Туркт циркийн сургуульд суралцаж байгаа.

П.ЭНХЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *