“Чиний насан дээр би тэгдэг, ингэдэг байлаа” гэж хүүхдээ сургаж буй хүмүүсийг огт ойлгодоггүй юм аа. Цаг нь өөр, хэрэгцээ хэрэглээ нь өөр болчихсон нийгэмд амьдарч буй балчируудыг өөрийнхөө тарчиг үетэй харьцуулах буруу юм.
Найман настай Ирмүүн хүү сургуулиасаа ирээд хэсэг хугацаа өнгөрсний дараа аавдаа “Би утсаа сургууль дээрээ орхичхож” гэж хэлээд гүйгээд гарсан байгаа юм. Уг нь тэр орж ирэнгүүтээ гэрийнхээ ширээн дээр гар утсаа тавьснаа анзаарсангүй. Хүүхдийн л зан. Аав хүүгээ жаахан хашраая гэж бодоод буцаад ирэхэд нь хөмсөг зангидаад хаалга тайллаа. Хүү босгон дээрээсээ бахираад л “Аав аа, миний утас алга байна” гэхэд аав нь одоо яана аа гээд л сонжсон харцаар харав. Хүү үргэлжлүүлээд “Аав аа намайг уучлаарай, би яах вэ, одоо та яана аа, надтай утсаар ярьж чадахгүй боллоо шдээ” гэдэг юм даа. Хүү сургуулиасаа ирэх замдаа “За чанга уйлах хэрэгтэй, аавыг хохирч буйг нь ойлгуулах хэрэгтэй, тэгвэл шинэ утас авч өгнө” гэсэн тооцоо бодоод орж ирсэн байгаа биз.
Бид ийм насан дээрээ тэгж тооцоолох ухаан байсан уу гэвэл үгүй л гэж хариулна. Хэсэг нууж яваад гөвүүлээд л дуусах байсан. Шинэ цагийн хүүхдүүд эцэг, эхийн сургаалаас гадна үзэж харж буй зүйлээсээ илүү их мэдээлэл авч харьцуулж, боловсорч, тархиа цэнэглэж чаддаг болсныг анзаарах хэрэгтэй. Тэд бидний бага үеэс илүү ухаалаг болсон гэдгийг яах аргагүй хүлээн зөвшөөрнө.
Д.Бат-Эрдэнэ