Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөр: Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн DNN.mn


Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах инженер Т.Гантөмөртэй ярилцлаа.


-Оюу толгой компанид анх ямар ажлын байран дээр хэзээ ажилд орж байснаас тань ярилцлагаа эхлүүлье. Оюу толгой компанид ажилд орохыг олон залуус мөрөөддөг шүү дээ?

-Миний хувьд Чех улсад хэлний бэлтгэлээ төгсөөд мэргэжлээ сонгохоор болсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн гэрээг үзэглэж байсан. Тэр үед уул уурхайн салбарын өндөр идэвхжил бий болсон. Тиймээс манай улсад уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төсөл хэрэгжих нь тодорхой байсан учраас уул уурхайн инженер, гүний инженер болохоор шийдсэн. Ингээд 2013 онд сургуулиа төгсөөд Оюу толгойд ажиллах хүсэлтээ өгч байсан. Харамсалтай нь тухайн үед Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт түр зогссон учраас надад хүлээхээс өөр сонголт байгаагүй. Ингээд барилгын салбарт ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 оноос Оюу толгой компанид үндсэн мэргэжлийнхээ дагуу буюу гүний уурхайн инженерээр ажилд орсон. Миний хувьд гадаргын болон гүний барилгын ажлыг гүний уурхайн инженерийн ажлаа хийхээсээ өмнө хийж байснаараа онцлог давуу тал, тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг болон тэр нь уурхайн ажилтай хэрхэн уялддаг талаарх зовлон, жаргалыг биеэрээ туулсан учраас одоо эрхэлж байгаа ажилд маш том хувь нэмэр болдог. Манай багийн хувьд хөндлөн нэвтрэлт явагдаад дараагийн барилгын ажил явагдах гэж байгаа газарт ямар нэгэн асуудал үүсэхгүй, эрсдэл учрахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа эсэх, бэхэлгээгээ стандартын дагуу хийсэн эсэх гэх мэт бүгдийг хянахаас гадна энэ бүхнийг товлосон хугацаандаа хийж чадаж байгаа эсэхийг давхар хянадаг. Бид өдөр тутам хийж байгаа ажлынхаа дэс дарааллыг зөв хийж, хүн хүч, тоног төхөөрөмжийн хуваарилалтаа цаг хугацаа алдахгүй хийж чадаж байгаа эсэхийг манай баг хянаж ажилладаг. Оюу толгой компанийн үнэт зүйл болсон аюулгүй ажиллагаа, цаг хугацаандаа чанартай ажил гүйцэтгэхийг зорьдог.

-Та гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн гишүүн. Багийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай баг гүний уурхайн 220 км хөндлөн нэвтрэлтийг хариуцан ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч компанийн 1100 орчим ажилчдын өдөр тутамдаа ном журмын дагуу стандарт, дизайныхаа дагуу аюулгүй бөгөөд амжилттай ажиллахад бусад багуудын харилцаа холбоо хамаарлыг бий болгож, хамтарч ажилладаг.

-Хөндлөн нэвтрэлтийн уул уурхайн багийн инженер бусад мэргэжилтнүүдээсээ ялгаатай тал нь юу байх вэ?

-Гүний уурхайн нэвтрэлт дотроо хэд хэдэн төрөл байдаг. Оюу толгой компанид нийт таван босоо нэвтрэлт бий. Тэгвэл хөндлөн нэвтрэлтийн багийн онцлог нь уурхайн гүнд байрлах хонгилуудыг уурхайгаас гаргасан төлөвлөлт, зураг төслийн дагуу хооронд нь холбоход чигээрээ болон, уруу өгсүүр чиглэлийн малталтуудыг хийдэг.Манай баг 20 хүний бүрэлдэхүүнтэй. Багийн нийт гишүүдийн 18 нь монгол, хоёр нь гадаад улсын иргэн байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгой компани монгол мэргэжилтнүүдэд ур чадвараа ахиулж, дэвших боломжийг түлхүү нээж өгсөн. Уул уурхайн томоохон төслүүд эхлэх үедээ мэргэжилтнүүдээ гадаадын боловсон хүчнээр сайтар бэлдүүлж, бүрэн бэлтгэгдэж дууссаны дараа, дараагийн түвшинд гадаад мэргэжилтнээ орлож ажиллах боломж нөхцөлөөр хангадаг. Өмнө нь Оюу толгой төсөл дээр түлхүү гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан бол 2019 оноос монгол мэргэжилтнүүд давамгайлан ажиллаж байна.

-Гүний уурхайн олборлолт явагдаж эхлэх хугацаа ойртож байна. Одоогоор хөндлөн нэвтрэлтийн ажил ямар гүйцэтгэлтэй явж байна?

-Бид одоогоор 70 орчим километрт хөндлөн нэвтрэлт хийгээд байна. Энэ үед гүний уурхайн олборлолт эхлэх гэж байгаад баяртай байна. Гүний уурхай ашиглалтад ороход өдөрт 95 мянган тонн олборлолт хийхээр төлөвлөсөн. Тэгвэл энэ тоо оргил ачааллын үедээ хүрэх хүртэл олон төрлийн дэд бүтцийн ажил хийх ёстой. Тэр ажлууд одоо ч тасралтгүй хийгдэж байна. Одоогоор бид хүдрийн биетийг гаргах эхний шатыг улсад хүлээлгэж өгөх ажиллагаа амжилттай явагдаж дууссан. Түүнчлэн хүдрийн биет гаргах дараагийн шатны туузан дамжуургын бүтээн байгуулалтын хоёр дахь шат нь явагдаж байна. Энэ бүх бүтээн байгуулалт буюу агааржуулалт, ус, дагалдах цахилгаан гэх мэт дэд бүтцүүд бий. Эдгээр дэд бүтцүүдийг хооронд нь холбож, дагалдах барилгын ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа учраас 220 км үргэлжилсэн хөндлөн нэвтрэлтийн ажил явагдана.

-Оюу толгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил бол дэлхийд томоохон бүтээн байгуулалтын ажилд тооцогддог. Эдгээр бүтээн байгуулалтад оролцсон мэргэжилтнүүд хөндлөн нэвтрэлтээр мэргэшсэн боловсон хүчнүүд болж бэлтгэгдэж байна. Эргээд хүнээ боловсон хүчнээ экспортлох боломж бүрдэж байна уу?

-Монгол мэргэжилтнүүд Оюу толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсны дараа олон улсын уул уурхайн компаниудад ажиллах боломж нээгдэх биш одоо ч нээгдчихсэн байгаа. Оюу толгойгоор овоглож байсан олон залуус Рио Тинтогийн буюу глобал ажилчид болсон. Хамгийн гол нь тухайн залуусын хичээл зүтгэл, өсөх дэвших эрмэлзэл, хариуцлагатай амжилттай байдал тэдэнд ийм боломжийг олгосон. Монгол залууст ямар нэгэн байдлаар хэлний бэрхшээл үүсэхгүй л бол олон улсын уул уурхайн компанид ажиллах боломж бүрэн байна. Рио Тинтогийн салбар уурхайнуудад ажиллаж байгаа нь тэдний хувьд олон улсын түвшинд ажиллах байна.Нэг ёсондоо Оюу толгойгоор овоглодог залуучуудад оюун ухаан, эрдэм мэдлэгээ олон улсад зарж, доллар олох боломж бүрдсэн. Хамгийн сүүлд манай төсөл дээр ажиллаж байсан хоёр залуу Африк руу явсан. Монгол залуучууд өндөр ур чадвартай болчихсон учраас Австралийн хөдөлмөрийн зах зээл дээр зарлагдсан нээлттэй ажлын байрны зарыг хараад анкетаа илгээх боломжтой болсон. Яг одоо 2009 онтой адил уул уурхайн салбарын идэвхжил өндөр байна. Өнгөрсөн оноос эхлээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас уул уурхайн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, ажиллах хүчний хомсдолд ороод эхэлчихлээ. Тийм учраас чадварлаг ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна. Магадгүй Оюу толгойд таван жил ажиллачихсан залуучууд дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллах бүрэн боломжтой болсон. Энэ мэтчилэн олон боломж уул уурхайн чиглэл болон техникийн чиглэлээр мэргэшсэн олон мянган залууст нээгдсэн.

-Гадны мэргэжилтнүүд монголчуудын давуу талын талаар юу хэлдэг вэ?

-Монгол залуучуудыг хөдөлмөрч, дайчин гэдэг нь ажлын байран дээр харагддаг учраас энэ зан чанар нь түлхүү үнэлэгддэг. Гадаадын мэргэжилтнүүд олон улсын залуустай хамтарч ажиллаж байсан туршлагатай учраас орон орны залуусын онцлог, давуу талыг тодорхой хэмжээнд харсан байдаг. Монголчууд бидний нүүдэлчин уламжлалын онцлог ямар ч салбарт ямар ч чиглэлээр амархан хөрвөж, дасан зохицож ажиллах боломжтой нь харагддаг. Оюу толгой компанийн аюулгүй ажиллагааны соёл болоод ажилд хандаж байгаа соёл, системийг Монголд нэвтрүүлснээс хойш 10 гаруй жил болсон. Одоо бол энэ соёл нэгэнт Монголд нутагшчихсан. Энэ хугацаанд монгол залуус тухайн соёлыг өөртөө шингээн авч, гадаадын мэргэжилтнүүдээс дутахааргүй болоод хөгжсөн. Үүнийгээ дагаад монгол залууст гадагшаа явах боломж нь ч өндөр байгаа.

-Оюу толгой компанид шинээр ажилд орсон хүмүүс ур чадвараа хэрхэн дээшлүүлж, амжилттай ажиллахын тулд юу хийх ёстой вэ?

-Ер нь бол ямар ч ажлын байран дээр хандлага чухлаар тавигдах болсон. Тухайн хүний хандлага бусдаас суралцах харилцах, ажилдаа хандах хандлагаар нь үргэлж нөлөөлж байдаг. Ур чадварын хувьд бусдыгаа манлайлдаг боловч зан харилцааны доголдолтой бол олон хүнд сорилтыг давах хэрэгтэй болно. Оюу толгой компани хүний нөөцийн бодлогын хувьд техник, ур чадварыг харахаас гадна хандлага дээр нэлээд анхаардаг. Оюу толгой компани олон улсын түвшинд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн технологиуд дээр ажилладаг. Энэ өнцгөөс нь харвал заавал уул уурхайн инженер болж уурхайд ажиллах шаардлагагүй болчихсон. IT, холбоо инженерийн чиглэлээр төгссөн залуус ч уурхайд олон улсын стандартын түвшинд ажиллах боломжтой болсон.

-Монгол Улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Оюу толгой компанид ажиллахад хамгийн сайхан санагддаг зүйл нь юу вэ?

-Миний хувьд мэргэжлээрээ сурч байхаас сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Оюу толгойн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөг бодож үзэж байсан. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад чухал нөлөө үзүүлж байгаа томоохон хэмжээний төсөлд иргэн хүнийхээ хувьд оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж бодсон. Шинэ технологи, шинэ чадваруудыг үеийн залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж, харилцан суралцаж байгаа нь үнэхээр бахархам санагддаг. Гүний уурхайд эзэмшиж гэдэг хөдөлмөрийн хуулийн дагуу хортой хүнд нөхцөлд тооцогддог. Олон цагаар өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй ажилладаг. Нарны гэрэл шууд тусдаггүй газар ажилладаг учраас олон хүндрэл бэрхшээл бий. Энэ бүхнийг даван туулах амаргүй. Ажлын байрандаа дасан зохицоход багагүй хугацаа шаардагддаг. Гүний уурхайд нэвтрэлттэй холбоотой бүх ажлуудыг хариуцан ажиллаж байгаа уурхайн ахмадууд, ах нарын каск малгайг нь аваад дуулга өмсгөчихвөл яг л эртний монгол баатрууд, жанжин шиг харагддаг. Яг тийм энерги мэдрэгддэг. Тэр хүмүүсийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс эртний цэргүүд шиг л байдаг. Тэдний санаа зорилго нэг. Түүнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Ийм сайхан хамт олноороо бахархахгүй байхын аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *