Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дампуурсан болон системийн бус банкуудад даатгуулагчдын мөнгийг байршуулж, эргээд авч чадахгүй байгаад Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд буруутай, тэд огцрох ёстой гэдэг шаардлагын талаар мэдээллээ.
МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2019 оноос хойш Капитал банк дампуурсан. Гэтэл даатгал төлөгчдийн мөнгийг тус банкинд тавьж алдсан асуудал байгаа. Үндсэндээ 234 тэрбум төгрөгийг Капитал банкинд хийгээд одоо хүртэл авч чадаагүй байна. Нэмээд системийн бус банкуудад даатгуулагчдын мөнгийгбайршуулж, өнөөдрийг хүртэл заримыг нь авч чадахгүй байдал үүсээд байна. Татвар төлөгчдийн мөнгийг бүрэн авч чадахгүй гурван жил боллоо. Капитал банк Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөг л барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг бүрэн барагдуулаагүй. Үүний цаана өдөрт тооцогдох хүүгийн алданг бүгд зоссон. Өөрөөр хэлбэл, даатгал төлөгчдийн мөнгийг Хөгжлийн банкны зээлдэгч нар шиг ямар хүү, алданги төлөхгүйгээр ашиглаж байна.
ЭМДС-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд анх томилогдоход энэ асуудлыг хэлж байсан. Тус зөвлөл даатгал төлөгчдийн мөнгийг хаана байршуулах шийдвэрийг гаргадаг учраас энэ зөвлөлд улстөрчдийн лоббины хүмүүс орж эхэлсэн. Тухайлбал, МҮЭХ-оос Үндэсний зөвлөлийн гишүүдийн 30 хувийг хангадаг байсныг ганцхан хүн болгож хассан. Оронд УИХ-ын гишүүн байсан, улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд орсон. Энэ хүмүүс дампуурах гэж байгаа, системийн бус банкуудад даатгал төлөгчдийн мөнгийг хийж, алдах эрсдэлийг хамтран хийсэн. Тиймээс ЭМД болон НДС-гийн Үндэсний зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна.
Хоёрт, ЭМД, НДС-гийн арилжааны банкуудад байгаа чөлөөт эх үүсвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод зарлахыг шаардаж байна. Мөн Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй ил тод болго” гэлээ.