Монголчуудын сайн сайхан, эрүүл мэндийн төлөө олон ажил санаачилж, тэр болгон нь бодит ажил хэрэг болдог хүн бол Ажиа гэгээнтэн. Тэрээр өмнө нь цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулж эмнэлэг бариулж байсан бол энэ удаад Хан-Уул дүүрэгт “Ахмадын хөгжлийн ордон”-г босгожээ. Өчигдөр тус ордонг зорьж барилгын ажлын явцтай танилцлаа. Архивын ерөнхий газар, Соёлын өвийн үндэсний төвийн чанх урд, төв зам дагуу уг ордон байрлаж байна. Энэ бямба гаригт мод тарих ёслол болох учир ордны гадаах талбай, мод тарих хэсгийн газар, шороог трактороор тэгшилж байлаа. Харин дотоод заслын ажилчид хоёрдугаар давхраас эхэлж тортой хар замаск татаж дуусгаад цагаан замаскаа эхлүүлж байна. Нэг, хоёрдугаар давхарт зүү, төөнүүр, бариа засал гээд ахмадуудыг эрүүлжүүлж чийрэгжүүлэх физик эмчилгээний өрөө тасалгаанууд байрлах бол гурав, дөрөвдүгээр давхарт хэвтэн эмчлүүлэх тасгууд буюу 30 ортой сувилал ажиллах юм байна. Тавдугаар давхарт ордны захиргаа, ажилчдын оффис байршихаар тус тус төлөвлөжээ. Энд ахмадууд өдрөөр ирж үйлчилгээ, эмчилгээ авч болохын сацуу хэвтэн эмчлүүлж болох юм байна. Мөн заавал эмчилгээ гэхгүй номын санд нь суух, үеийнхэнтэйгээ хөзөр, даалуунаас эхлүүлээд дуртай тоглоомоо тоглох, бариа засал хийлгэх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой ийм ордон юм байна. Барилгын В1 давхарт мини бассейн, усан эмчилгээний тасаг байрлах ажээ. Ордны гадаах талбай хаа ч очиж уужим юм. Мод тарьсны дараа гадаа тохижилтын ажлыг хийх бөгөөд сүүдрэвч, сандал, спортын талбай гээд ахмадуудад алхаж зугаалах боломжийг нь бүрдүүлсэн орчин байгуулах аж. “Дотоод заслын ажил 50 гаруй хувьтай байна. Наадмаар гэхэд барилгын ажлаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монголчууд Ажиа гэгээнтнийг мэднэ дээ. Өмнө нь цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулж эмнэлэг бариулж өгсөн. Энэ удаад ахмадуудад зориулж ийм сайхан ажил хийж байна. Ажиа гэгээнтэн наймдугаар сард Монголд морилж, энэ ордны нээлтийг хийх юм гэсэн” гэж ордны барилгын ажлыг гүйцэтгэж буй “Жавхлант тур” барилгын компанийн захирал Ц.Жамьянсүрэн ярилаа.
Энэ үеэр Ажиа гэгээнтний “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ–ын менежер Ч.Батнайрамдалтай ярилцлаа.
-Ордон наймдугаар сард нээгдэх нь?
-Тийм төлөвлөгөөтэй байгаа.
-Үүнээс өмнө Ажиа гэгээнтний санаачилсан Цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг 2014 онд ашиглалтад орж байсан билүү?
-2012 оны тавдугаар сарын 9-нд шавыг нь тавиад 2014 оны наймдугаар сарын 28-нд тус эмнэлэг ашиглалтад орж байсан.
-Тухайн үед ийм эмнэлгийг ашиглалтад оруулж чадсан нь олон хүний талархлыг хүлээсэн шүү. Улсын хэмжээний хийх юмыг нэг хүн хийчихлээ гэцгээгээд л?
-Тухайн үед Эрүүл мэндийн сайд нь Н.Удвал гуай байсан. Тэр үедээ тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм билээ. 6.3 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлэг. Ганц байшин биш. Доторх тоног төхөөрөмжүүд, мэс заслын өрөө, ариутгалын өрөө, вакум өрөө гээд маш олон өрөөг тохижуулсан. Вакум өрөөний төхөөрөмж нь гаднаас орж ирсэн агаарыг цэвэршүүлдэг, доторх агаарыг шууд гадагшлуулдаггүй, тусгай горимоор ажилладаг. Тэр жижигхэн төхөөрөмж л гэхэд дангаараа 23 сая төгрөг байх жишээний. Өрөө болгон автомат ортой. Нэг бүрийнх нь үнэ сая гаран төгрөгийн үнэтэй гэхээр 50 ортой эмнэлэг. Энэ мэтээр тэр эмнэлэгт хэрэгтэй, хэрэгцээтэй бүхнийг нь тухайн үед зохицуулж байсан.
-Энэ удаад Ажиа гэгээнтэн Хан-Уул дүүрэгт “Ахмадын хөгжлийн ордон”-г бариулж байна. Чухам яагаад ахмадуудад зориулсан ийм ордон бариулж байгаа юм бол. Өөрөө энэ талаар юу гэж ярьдаг вэ?
-2017 оны наймдугаар сард Ажиа гэгээнтэн Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт очсон юм. Тэнд очсон хүмүүс мэднэ дээ. Тэнд байгаа ахмадуудыг харахад хэцүү шүү дээ. Халамж гэдэг үүднээс тэнд аваачаад хаячихдаг. Үр хүүхэд, харж хандах гэр бүлгүй хүмүүс голдуу байдаг. Тэр бүгдийг хараад гэгээнтэн маань ахмад руу чиглэсэн юм хийе гэж бодсон юм шиг байна лээ.
“Ахмадын хөгжлийн ордон” бол тэр асрамжийн газраас өөр. Өдрөөр очоод үеийнхэнтэйгээ хамт суугаад сайхан тоглоодохъё, эсвэл сайхан бариа хийлгүүлье, сайхан ном уншъя гээд өөрийгөө хөгжүүлж, хөгжилтэй, хөөртэй байлгах боломжийг бүрдүүлэх гэрэлтэй, гэгээтэй газар байхгүй юу. Усан эмчилгээ, физик эмчилгээ гээд настай хүмүүст хэрэгтэй бүхий л үйлчилгээ бий. Дотор нь 30 ортой сувилал ч байгаа.
-Энэ ордонг босгоход Ажиа гэгээнтэн хөрөнгө гаргаж, сүсэгтнүүд ч дэмжсэн бололтой?
-Багш өөрөө голлоод явж байгаа. Бас багшийн шавь нар дэмжиж байгаа.
-Уг нь хөл хорионоос өмнө шавыг нь тавьжээ?
-Хөл хорионоос болоод хоёр жил уягдчихлаа. 2019 оны зургадугаар сард шав тавьсан юм. Хоёр жил барилгын ажил нь таг зогсчихсон.
-Ахмадын асрамжийн газар гэхээс Ахмадын хөгжлийн ордон манайд бараг байхгүй дээ?
-Манайд ийм үйлчилгээ бараг байдаггүй болохоос биш гадны улсуудад иймэрхүү үйлчилгээнүүд зөндөө бий.
-Автобусны буудалтайгаа ч ойр юм?
-Тийм тийм. Автобусны эцсийн буудал. Монголд ийм жишиг юм хиймээр байгаа юм. Гэртээ ганцаараа байдаг, хүүхэд хардаггүй, өдөржингөө гэрийнхнээ хүлээж ганцаараа суудаг ахмадууд байдаг. Тэд маш их ганцаарддаг. Үүнээсээ болж сэтгэл гутралд ордог. Энэ байдлаа хэнтэй яаж хуваалцахаа мэддэггүй, найз нөхөдгүй. Найз нөхөд байлаа ч уулзаж учрах нь ховор. Тийм улсууд энэ ордонд өглөө эрт ирээд өдөржингөө байж байгаад харьж болно. Эсвэл хономоор бол хонож болно. Ирэн очин ч байж болно л доо. Дотроо бүх үйлчилгээ байх учир биеэ сувилуулангаа тоглож хөгжилдөж, агаарт суух боломжтой.
-Энэ бямба гаригт Ахмадын хөгжлийн ордны хашаанд мод тарина гэв үү?
-Д.Сэрдарам гэж сая мод тарьсан хүн бий. Тэр хүн мод тарих ажлыг удирдаж байгаа. Энэ буяны ажилд гар, биеэр ирж оролцох боломж хүн бүрд нээлттэй шүү. Нэг хүн нэг мод суулгахад л тэр чинь том буян. Ер нь хүн өөрийн гар, биеэр оролцсон ажил илүү үнэ цэнэтэй, хожмоо дуурсгалтай.