Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскийг энэ сарын 10-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд Обрушанский хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо энэ сарын 13-нд “Унгарын соёлын өдөр” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээллээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Үүнд тус улсын үндэсний Мангалица үүлдэрийн гахайн аж ахуйг манай улсад байгуулж экспортлох боломжтой гэдгийг хэллээ.
Түүнчлэн, Унгар Улс сүүлийн жилүүдэд малын өтөг, бууцыг ашиглан малын тэжээл боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж буй бөгөөд уг үйдвэрийг манай улсад байгуулах бүрэн боломжтойг дурдсан юм. Тэрбээр “Монголын малын өтөг, бууцыг ашиглан Унгар улсын технологиор боловсруулж малын тэжээл бэлтгэх үйлдвэр байгуулах саналтай байна. Ингэснээр Монгол оронд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг сэргээх, хөрсний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Тус технологиор үнэргүй, ялзмаг, шим тэжээлээр баялаг органик бордоо гаргаж авах бөгөөд энэ нь чийг багатай, хурдан задардаг бүтэцтэй тул газарт цацсаны дараа чийг авч, амархан задарснаараа ургамлыг үндэснээс нь тэжээдгээрээ онцлог” гэсэн юм.
Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед Унгар улсын Засгийн газар Монгол Улсад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн он жилүүдэд тууштай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд хөдөө аж ахуй, мал аж ахуй, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт чухал төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлсэнд талархан, дэмжихээ илэрхийлэв.