Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.
Энэ онд нийтдээ 52747 иргэнд ногдох 50.7 тэрбум төгрөгийн орон сууц, сургалтын төлбөр төлсний татварын хөнгөлөлт иргэдийн дансанд орж эхэлжээ.
Нийслэл хотын оршин суугч 27,261 иргэний 30.7 тэрбум төгрөгийн буцаан олголт өчигдөр/2022.05.09/-өөс иргэдийн дансанд орж эхлэв. Улсын хэмжээнд 32’270 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 43.2 тэрбум төгрөгийг буцаан авах бол 20’477 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 7.5 тэрбум төгрөг буцаан авах гэнэ.