Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучууд хоббигоороо нэгдэж “Галт моторс Монголиа” клуб байгуулжээ. “Мото”-чин залуусаас хоёрыг нь сонгож цаг товлон уулзсан юм. Нэг нь “Галт моторс Монголиа” клубийн гишүүнчлэл хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэ-Очир. Тэр Оюу толгой ХК-ийн Ил уурхайн хүнд машин механизмын оператороор ажилладаг юм байна. Нөгөө нь Б.Билэгдэмбэрэл.Клубийн залуу тамирчин, механикийн үүрэг гүйцэтгэгч. ӨБЦТС ТӨХК-ийн монтёр, засварын ажилтнаар ажилладаг аж. Тэдэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Галт моторс клубийн түүх хэзээнээс эхлэлтэй вэ?
-Манай сум залуус олонтой, уул уурхайн бүс нутаг учраас эрчүүд голдуу. Уралдааны машин мотоцикл сонирхдог залуус бие биенийхээ машин тэрэг мотоциклийг сонирхож уулзалдаж байгаад сонирхлын клубтэй болохоор шийдсэн юм. Анх 2015 онд сошиалд групп нээж холбогдож эхэлсэн. Эхлээд ойр зуур аялж, уулзалдаж явсаар 2019 онд клуб хэлбэрт шилжин тамга тэмдэг гэрчилгээтэй болж, одоо албан ёсны 48 идэвхтэй гишүүн, дэмжигч фэн 70 гаруй залуустай томоохон клуб болоод байна.
-Клуб чинь ямар зарчмаар ажилладаг юм бол. Төрөл, ангилал чиглэл гэж байх уу?
-Байна аа. Бид мотокросын ангилал, offroad машины төрөл, дрифт, VIP гэсэн дөрвөн төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг.Тэр дундаа мотокросын чиглэлээр хичээллэгсэд олон.
-Та нар моточидын аялал болоод уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-Бид тамирчдаа сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулж тодорхой хэмжээнд амжилт үзүүлж байсан. Клубээ нээсний дараа хамгийн холын гараа Дундговь аймгийн Өлзийт сумын Сарны орон гэх үзэсгэлэнт газар руу ирж очихын 700 км-ийн замыг туулж аялал зохион байгуулж байлаа. Ханбогд сумын Галбын говь бол үзэсгэлэнт байгаль, ховор сонин ан амьтан, жигүүртэн шувууд олонтой гайхамшигтай нутаг. Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт Галбын гурван хийд, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд, Галбын уулс, Зуун модны ам, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Баяжихын агуй, Зээрд, Шар цав, Байшин цав, Хэмгий, Сэвхүүлийн элсэн далан, Оцон мааньтын хүннүгийн ул мөр, Тооройн төгөл, Жавхлант хайрхан, Шийрийн уулын хадны зураг, Түрэгийн үеийн хүн чулууны олдвор, Мангасын хүрээ зэрэг түүх, соёлын дурсгалт газруудаараа танилцах аяллыг байнга зохион байгуулдаг.
Дашрамд хэлэхэд сумынхаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад дотоодын жуулчдад таниулах сонирхол бидэнд их байдаг. Улсын хэмжээнд мото чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб дундаасаа бид идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаараа долдугаарт эрэмбэлэгддэг.
-Танай сумаас гадна ийм клуб байгуулсан сум байдаг болов уу. Ханбогдын залуус л танай гишүүд үү?
-Манайд Даланзадгад, Баян-Овоо, Манлай, Цогтцэций сумдаас гишүүнчлэлтэй байж байгаад Цогтцэций сумынхан өөрсдийн “Шанх” клубээ байгуулсан. Өөр сумдын талаар одоогоор бидэнд мэдээлэл байхгүй. Бидний бахархуулах нэг том онцлог гэвэл өөрсдийн эзэмшлийн дөрвөн га газарт байгалийн тогтоцоо түшиглэж уралдааны замтай болсон. Ийм замтай ямар ч сум байхгүй. Замынхаа нээлтийг хийж аймгийн аварга зохион байгуулахаар Цогтцэций сумын “Шанх” клубтэй хамтарсан бэлтгэл хийж байна.
-Энэ төрлөөр хичээллэдэг хүмүүсийн хувьд уралдааны замтай байна гэдэг содон мэдээ байна. Зориулалтын замтай болоход чинь дэмжсэн хүн байгаа юу?
-Сумын ЗДТГ-аас биднийг их дэмждэг. Тиймдээ ч бидэнд эзэмшүүлэх дөрвөн га газар өгсөн. Мото спортыг хөгжүүлэхэд зам их чухал. Зам байгуулахад өртөг өндөр учир бидэнд тусалдаг компани олон бий. Уралдааны зам бартаатай экстрим байх тусмаа сонирхолтой байдаг. Бид говийн зам мөн байгалийн сайхан тогтоцоо түшиглэсэн учир мото спортоор хичээллэгсдийн сонирхлыг аргагүй татна гэдэгтээ итгэлтэй байна. Биднийг бүсийн болоод улсын уралдаан тэмцээнд оролцоход манай сумын Ханбогд хурд ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК, 90:90 авто засварын төв зэрэг олон компани, хувь хүн ивээн тэтгэдэг.
-Мото спорт бол хамгийн аюул осолтой спортын нэг төрөл. Аюулгүй ажиллагаандаа хэр анхаарч байна?
-Бид сумынхаа Замын цагдаагийн газартай хамтарч ажилладаг. Хамгаалалтын бүх хэрэгслийг өмсдөг. Оюу толгой гэх гадны том компанийн соёл манай суманд бүр нутагшчихсан. Тэр утгаараа хамгаалалтын каск малгай өмсдөггүй хүн гэж байхгүй. Зөвхөн мотоцикл унадаг залуус ч биш, барилгын жижиг ажил, засвар хийж яваа хүн ч өмссөн харагддаг. Уралдааны зам дээр биш бол хэн ч хурд хэтрүүлдэггүй. Аюулгүй байдал стандарт дүрэм журмыг ягштал мөрдөж сурч байна. Болдог л юм байна. Бусад маань ч гэсэн хэрэгжүүлдэг байгаасай. Клубийн маань цаашдын зорилго гэвэл уралдааны замаа улам сайжруулж Улсын уралдааны нэг гарааг ч гэсэн сумандаа зохион байгуулах хүсэлтэй. Мөн өөрсдийн засвар үйлчилгээний том сервис гаражтай болно. Манай клубийн гишүүн мотокросын түрээсийн үйлчилгээ эрхэлж байна. 18 нас хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлдэггүй журамтай. Манай суманд Иж планет-5 мотоциклийн аймагт битгий хэл улсдаа тэргүүлэх олон гишүүнтэй клуб хүртэл байдаг.
-Уучлаарай, танай суманд архидалт хэр байдаг вэ. Танай клубийн гишүүд бүгд ажил хийдэг үү?
-Архидалт ёстой байхгүй. Бид бүгд ажил хийдэг. Ажлын хажуугаар сонирхлоо хөөсөн залуус их шүү, манай суманд. Тэр дундаа хэлтэй бол хөлтэй гэгчээр хэлтэй бол боломж нүдэн дээр бий учир гадаад хэл үзэж суралцдаг хүүхэд залуус ихтэй.
-Та нарын унадаг мотокрос хэр үнэтэй вэ?
-Хамгийн багадаа найман сая. Дээшлээд 38 сая хүртэл үнэтэй. Ер нь анх мотоциклийг зохион бүтээсэн хүн шувуу шиг эрх дураараа дүүлэн нисэхийг хүсч хийсэн байдаг. Мотокрос нь нисэлт, үсрэлт, дүүлэлт ихтэй, тэрнээс авсан кайф юутай ч зүйрлэшгүй сайхан. Тийм болохоор нэг дурласан хүн хоббиндоо цаг, мөнгө санхүүгээ зардаг. Тэгж зарцуулсандаа сэтгэл өндөр байдаг.
П.ЭНХЖАРГАЛ