Украины Херсон мужийн Цэрэг-иргэний захиргааны орлого дарга Кирилл Стремоусов ням гаригт тус мужийн оршин суугчдад ОХУ-ын паспорт олгож эхлэх талаар мэдээллээ.
ОХУ-д эзлэгдсэн Украины бүс нутгуудад орон нутгийн удирдлага буюу Цэрэг-иргэний захиргаа байгуулагдаж, Оросын телевиз, радио цацагдах болсон. Түүнчлэн Херсон мужид энэ сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин болон ахмад настнуудын тэтгэврийг рублиэр олгож эхэлсэн билээ. Улмаар ирэх саруудад Херсон мужийг рублийн бүс болгоно гэж мэдэгдсэн.
Тэгвэл Кирилл Стремоусовын мэдээлснээр энэ онд багтаан Херсоны ард иргэдэд ОХУ-ын паспорт олгох аж.
Украины өмнөд хэсгийн Херсон муж нь ойролцоогоор нэг сая гаруй хүн амтай. Урд талаараа Крымийн аралтай хил залгаа тус мужийн нийт хүн амын 82 хувь нь Украин, 14.1 хувь нь Орос, 0.5 хувь нь Татар гаралтай иргэд байдаг.
Киевийн Олон улсын социологийн хүрээлэнгээс 2014 оны арванхоёрдугаар сард хийсэн судалгаагаар Херсон мужийн хүн амын 90.9 хувь нь ОХУ-д нэгдэхийг эсэргүүцэж байсан бол ердөө нэг хувь нь дэмжиж байжээ.
Эх сурвалж: Ria Novosti, TASS