Categories
мэдээ нийгэм

Сибирьт гарсан ойн түймрийн улмаас 10 хүн амиа алджээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймэр гарсны улмаас 10 хүний амь үрэгдсэн нь батлагдаад байна.

Хүчтэй салхи түймрийг улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатсан тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлажээ. Тухайлбал мужийн төв Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын албанаас өчигдөр тодруулжээ.

Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгонд хоёр хүн амиа алдсан байна.

Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсанаас гурван хүний цогцос олджээ.

Омск мужид бас хоёр хүн түймэрт шатаж нас барсан байна.

Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ.

“Бид хөрш зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн ч тусламж ирэхэд хугацаа орохоор байна” гэж Усс ярьжээ.

Түймэрт өртсөн иргэдийг байрлуулах түр байр нээж, эмч, сэтгэл зүйчдийг дайчилсан байна.

“Салхи хүчтэй байгаагаас түймэр унтраах ажилд нисэх онгоц ашиглах боломжгүй байна” гэж Красноярск мужийн онцгой байдлын алба Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Оросын Холбооны Ойн Агентлагийн тайлбарласнаар цахилгааны шугамд гарсан богино холболт гал түймэр гарах шалтгаан болсон ба одоогоор нийтдээ 350 орчим байшин, барилга шатаад байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд ой хөвчөөр баялаг Сибирийн бүс нутагт гал түймэр жил алгасалгүй гардаг болоод байгаа. Зөвхөн өнгөрсөн онд гарсан түймрийн улмаас 16 сая тонн нүүрстөрөгч дэлхийн агаар мандалд цацагдсаныг Европын уур амьсгалын жил тутмын тайланд дурдсан байдаг.

Эх сурвалж: Aljazeera

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *