Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2021 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл өнөө жил гойд анхаарал татаж байна. Учир нь урьд өмнө дуулдаж байгаагүй сэртхийлгэм баримтыг УИХ-д өргөн барилаа. Зэвсэгт хүчний жанжин штабын хамаарал, шууд удирдлага бүхий цэргийн ангиудад бэлгийн дарамт байдаг талаар уг илтгэлд дурдсан нь цэргийн анги салбаруудын талаарх бидний төсөөллийг огт өөрөөр эргүүлж байна. “…Монголын зэвсэгт хүчний удирдлагууд баруунд боловсрол эзэмшсэн, хэл ус сайтай, боловсролтой, орчин үеийнх, Чингисийн цэргүүд эр зоригтой…” энээ тэрээ гэсэн гялгар рекламны цаанаас гутамшигт үнэн илэрч байна.
ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролддог гэж онцолж хэлжээ. Мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг бол алба хаасныхаа дараа энэ тухай хүний эрхийн байгууллагад мэдэгдсэн нь 147 иргэн байна. Тэд “Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан” гэж мэдээлжээ.
Цэргийн анги нэгтгэл гэдэг тэр чигтээ эрчүүд байдаг. Тусгай дүрэм журамтай, тушаал шийдвэрээр нь ажил нь явдаг, харуул хамгаалалттай, улсын онцгой объект. Хэрийн хүн тийшээ нэвтэрч чадахгүй. Энэ их хамгаалалт, тусгай эрх мэдлийн цаана хэдэн офицерууд нь цэргүүддээ бэлгийн дарамт үзүүлээд суух хүртлээ ингэж доошоо оржээ, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб. Ийм банди шуумарын асуудлыг бид кино шийнээс л хардаг, шорон оронд л байдаг юм байх гэсэн төсөөлөлтэй байсан бол Монгол Улсыг хамгаалах эр цэргүүдээ дарга нар нь оролдоод суудаг тухай Хүний эрхийн илтгэлд ортлоо асуудал даамжирчээ.
Орчин цагт цэрэг, арми улс оронд ямар их хэрэгтэй болохыг бид Орос, Украины дайнаас харж байна. Хэн ч, хэзээ ч тусгаар улсын газар нутагт эзлэн түрэмгийлээд ороод ирэх эрсдэл байдгийг бид нүдээрээ харж сууна. “Үзэл бодол чинь таалагдахгүй байна, бид иргэнээ өмөөрнө, та нар фашист болчихсон юм байна, фашистыг устгана…” гэх мэтээр ямар л бол ямар шалтаг хэлээд хаанахын ч цэрэг буу сумаа тачигнуулаад орж ирж мэдэх нь. Энэ үед шалгарсан удирдагч чадалтай арми, орчин үеийн цэрэг зэвсэг хэрэг болдог аж. Гэтэл манай Зэвсэгт хүчин юун орчин үежих, цэрэг зэвсгийн хангалт энэ тэр манатай, хэдэн цэргийн шодой оролдохоос өөр юм хийхгүй бэлгийн хүчирхийллээ яая гэж сууж байгаа бололтой.
Зэвсэгт хүчинд бэлгийн хүчирхийлэл байна, тэр нь удаан үргэлжилсэн гэдэг үнэхээр гутамшиг юм. Энэ бол Хүний эрхийн ноцтой зөрчил, эрүүгийн гэмт хэрэг юм. Нэг цагийн өмнө ч атугай яаралтай арга хэмжээ авч, дарга удирдлагуудыг нь өөрчилж шинэчлэхгүй бол асуудал хэвээрээ үргэлжилнэ. Төсөөлж ч байгаагүй ийм асуудал гарч ирж байгаа юм чинь авлига, хээл хахууль, идсэн уусан байдал энэ салбарт замбараагаа алдсан байх хэмээн төсөөлөгдөж байна. Оросууд дайнд бүрэн зэвсэглээд гарах гэтэл танкууд нь хөдлөхгүй, зэвсэг техник нь үзмэр болсон байсан гэх мэдээллийг хүн бүр л үзсэн биз. Орос ийм байгаа юм чинь манайхан үүнээс бүр л дор суугаа гэсэн хардлага төрөөд байна. Тэр танкуудыг нь асаагаад буунуудаар нь буудаад үзмээр байна. Асах танк, буудах буу байгаа болов уу. Буудлаа ч онодог юм байх нь уу. Цэрэгт явсан залуусын ярианаас үзэхүл ганц ч удаа буу сум барьж үзээгүй байж байгаад ирсэн гэх юм. Буу гэж нэг юм харуулдаг бололтой юм билээ. Буудуулах болохлоор сум байхгүй гээд буудуулдаггүй гэсэн. Ингэхлээр чинь нөгөө “уйдсан хулгайч “юү”-гаараа тоглодог” гэгчээр л юм болж энэ хэрэг манддаг биз. Хийх юм байхгүй буудах
гэхээр сум байхгүй, жагсаал бэлтгэл, гүйх гэхээр дарга нар нь залхуураад хэвтээд байхаар ингэхээс ч яах билээ. Жанжин штаб цэргүүдийнхээ эрхтэнг “шохоорхож” байхаар чавхаар ч болтугай харвуулж сургаасай. Ядахдаа дүүгүүр мэргэн шиддэг чавхаар мэргэн харваж сурвал сүүлд буу олдвол юм онох байх даа гэж хүртэл бодох юм.
Дайн самуунтай, хил хаалттай, өвчин зовлонтой ийм цөвүүн цагт Монголын Зэвсэгт хүчин булайгаа дэлгэж байгаа нь цэргийн ангиудад бэлгийн хүчирхийлэл газар авч, асуудал тэсэрч дэлбэрч байгаа хэрэг. Тусгай объект гэдгээр хаалттай хаалганы цаана ялзарч байгаа энэ салбарыг яаралтай шинэчилж, ардчиллын салхи оруулж, эмхэлж цэгцэлж авахгүй бол бид тусгаар улс гэж орилоод нэмэргүй. Ямар нэгэн халдлага боллоо гэхэд хэн ямар зэвсгээ бариад энэ орныг хамгаалж тэмцэх вэ?
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хэн нэгэн таньдаг хүнээ ээлжилж томилдог хуучны аргаасаа татгалзах хэрэгтэй байна, Ерөнхийлөгч өө. Үнэхээр баруунд сурсан, чадвартай, мэдлэгтэй, туршлагатай
боловсон хүчин байдаг юм бол тэрийгээ олж тавиад, мэргэжлийн түвшинд ажиллах боломж бололцоог нь хангаж өг. Ер нь цэргийн дарга, офицеруудыг мэдлэг, чадварыг ч үнэлэх, орчин үежүүлэх зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл харуулж байна. Оросын голдуу зэвсэгтэй, одон медаль, цол гуншиндаа дарагдсан хуучинсаг удирдагуудтай Монголын Зэвсэгт хүчний жанжин штабыг яаралтай шинэчлэх хэрэгтэй болсон гэдгийг дахин дахин сануулж, шаардъя. Цэргийн хуяг дуулга, бууддаг буу, танк онгоц эсэргүүцэх орчин үеийн зэвсэг, дрон гээд армиа шинэчлэхгүй бол хуучин орос зэвсэгтэй дайн хийнэ гэвэл дэлхийн шившиг болох нь илт харагдаад байна. Шившиг болох ч яах вэ энэ улсын чинь тусгаар тогтнол байхгүй болох нь. Орчин үед арми зэр зэвсгээ сайжруулахгүй бол монгол үндэстэн мөхөж ч магадгүй юм байна. Цэргийн албыг хоёр жил болгох эмэгтэй цэргийн албан хаагчидтай болох зэрэг ажлуудыг даруй хийж эхлэх ёстой.
Одоо энэ хэл аманд орсон цэрэг удирдаж байгаа хуучинсаг дарга офицер, энэ муухай хийморьгүй хэрэгт холбогдсон анги нэгтгэлийг татан буулгаж байлдааны тугийг нь хурааж шинээр зохион байгуулах хэрэгтэй. Монголчууд ийм цэрэгтэй, ийм офицертой байсан гэж түүхэндээ мэдэхгүй юм байна. Огт худал домог ярьж, бид зоригтой гэж гайхуулах нь хоцрогдсон армийн хамгийн түгээмэл шинж чанар юм. Түрүү зууны зэвсэгтэй эр зоригийн гайхамшигт домогтой Оросын арми яаж хиарч байна. Бид үүнээс сургамж авах болоогүй юу. Юун цэргийн эрхтэнээр оролдох вэ. Тийм зав та нарт байдаг юм уу. Тэр орчин үеийн зэвсэг буу байхгүй ч ядахдаа жавелин хэмээх танк эсэргүүцэгч гэж ийм юм байдаг гээд зургийг нь харуулаад танилцуулаад сууж байхад ч болохгүй гэх зүйлгүй юм даа.
Д.ГЭНДЭНДАРАМ