Categories
мэдээ нийгэм

Дэлхийн XV ойн чуулган өндөрлөлөө DNN.mn

БНСУ-ын Сөүл хотод өнгөрөгч тавдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн дэлхийн XV ойн чуулган таван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Дэлхийн 144 улс орны 10 мянга гаруй төлөөлөл таван өдрийн турш өөрсдийн улс орныхоо ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойн салбарын ирээдүйн хөгжлийн гарц, шийдлээ тодорхойллоо.

Энэ удаагийн чуулган нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын эрчим намжиж байгаа цаг үед дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочид, төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан анхны том арга хэмжээ болж буйгаараа онцлогтой. Тэр ч утгаараа “Ковид-19” цар тахлын дараах сэргэлтэд ойн салбар хамгийн чухал үүрэг гүйцэтгэхийг чуулганд оролцогчид санал нэгтэйгээр онцолж байв.

Өнгөрсөн хугацаанд “Ковид-19” цар тахлын нөлөөнд улс орон бүр жигд бус өртсөн хэдий ч ихэнх орнуудын хувьд ойн салбарт нийтлэг бэрхшээл, сөрөг үр дагаврууд тулгарч байгааг чуулганд оролцогчид салбар хуралдаануудаар хөндөж байв.

Тухайлбал, хууль бус мод бэлтгэл олширсон, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нэмэгдсэн, ойн салбарын орон нутагт суурилсан хяналтын тогтолцоо сул учир ойн аж ахуйн үйл ажиллагаа удаашрах хандлагатай байдаг төдийгүй ойн сан, нөөц буурах, гал түймэр, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дахинд хурдацтай явагдаж байгааг чуулганд оролцогчид илтгэлдээ дурдаж байсан юм.

Түүнээс гадна “Ковид-19” цар тахлын дараах бүх салбарын сэргэлтэд тэр дундаа хүн төрөлхтний бие махбод болон оюун санааны эрүүл мэндэд ойн салбарын үзүүлэх нөлөөлөл, түүний гүйцэтгэх үүрэг хамгийн чухал ач холбогдолтойг дэлхийн XV ойн чуулганд оролцогчид дуу нэгтэй санал нэгдэж байлаа.

Зургаан жилд нэг удаа чуулдаг дэлхийн XV ойн чуулганд энэ удаад Монгол Улсыг төлөөлөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож буй. “Ковид-19” цар тахлын дараах сэргэлтэд ойн салбарын үүргийг хамгийн чухлаар онцолж буй цаг үед Монгол Улс ч дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгааг тэрбээр чуулганы нээлтийн үеэр онцлон тэмдэглэсэн билээ.

Ой модыг хамгаалах, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгох зорилгын дор 144 орны 10 мянга гаруй төлөөлөгчид нэгдэж, “Ковид-19” цар тахлын дараах сэргэлт, Ойн салбарын сэргээн босголтын төлөвлөгөөнд бүхий л салбарыг анхаарч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Тус чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү болон албаны бусад төлөөлөл оролцов гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *