Тавдугаар сарын 9-ний өдөр тохиох дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын өдөр Германы канцлер Олаф Шольцыг Киев хотод айлчлан ирж, дайны эсрэг мэдэгдэл хийхийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский урьжээ.
Өмнө нь Германы удирдагчид Москва хотод энэ өдөр болдог баяр ёслолын арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. Герман улс Украины хямралын үеэр ОХУ-тай харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байсан нь Киев-Берлиний харилцаанд бэрхшээл учруулж байв.
Европ тивд дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 8-ны өдөр канцлер Шольц ард түмэндээ телевизээр үг хэлэх бол бас Их Долоогийн бүлгийн удирдагчидтай видео холбоогоор уулзах юм.
Тэрбээр өмнө нь Киев хотод айлчлах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж, Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерыг бас Киевт хүрэлцэн очихыг нь хориглож байв.
Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Мариуполь хэзээ ч унахгүй. Би баатарлаг үйлсийн тухай яриагүй байна. Энэ хотод одоо нурах зүйл үлдээгүй, бүрэн сүйрсэн” гэж хэлжээ.
Кличко “Хэрэв хэн нэгэн цэцэг өргөхийг хүсвэл ганцаараа очиж болно. Дайны үеийн аюулгүй байдлын дүрмийг анхаарч, дагаж мөрдөөрэй. Ойрын өдрүүдэд Украины бүх бүс нутаг руу пуужингаар харвах магадлал өндөр байна. Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэж анхааруулжээ.